Шоронд нас нөгчсөн Алексей Навальныйгийн цогцсыг нуун дарагдуулах болжээ
2 сарын 19. 8:140

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн өрсөлдөгч, засгийн газрын эсрэг тэмцэгч Алексей Навальный өнгөрөгч 16-ны өдөр нас барсан хэдий ч цогцос нь ор сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад байна.

Навальныйгийн ойр дотны хүмүүсийн үзэж буйгаар ерөнхийлөгч Путины даалгавраар түүнийг хөнөөсөн бөгөөд Оросын эрх баригчид ул мөрөө баллахын тулд цогцсыг зориудаар нуун далдалж байна хэмээн мэдэгдсэнийг Британийн BBC болон АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 17-ны өдөр онцлов. Түүний цогцос хаана байгаа нь одоог хэр нь тодорхойгүй байгаа юм.

Ерөнхийлөгч Путины улс төрийн хамгийн том өрсөлдөгч, Оросын сөрөг хүчний томоохон зүтгэлтэн байсан Навальный өнгөрөгч 16-ны өдөр тус улсын хамгийн хойд хэсэг буюу Сибирийн бүс нутаг дахь Яман-Ненецкийн өөртөө засах орны 3-р шоронд нас барсан билээ.

Тэрээр 2011 онд үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангаар дамжуулан Оросын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилж, засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг удирдаж байсан хүн юм.

Навальный 2020 онд Сибирийн Томск хотоос Москва руу орон нутгийн нислэгээр зорчиж байх үедээ хордлогын шинж тэмдэгтэйгээр ухаан алдаж, комд орсон нь олон улсын түвшинд маш том маргааны сэдэв болж байсан билээ. Ерөнхийлөгч В.Путины талынхан түүний амь насанд халдахыг завдсан байж болзошгүй хэмээн тухайн үед шинжээчид үзэж байсан юм.

Тэрчлэн уг асуудлын талаар Оросын засгийн газар нуун дарагдуулах оролдлого хийж болзошгүй хэмээн санаа зовсон Германы хүний ​​эрхийн байгууллага Навальныйг Берлин хотын Шарите эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийж эхэлсэн байна. Эмчилгээний явцад Навальныйг ЗХУ-ын үед зохион бүтээсэн биохимийн зэвсэг болох Новичокоор хордуулсан гэж Германы засгийн газар мэдэгдсэн боловч Оросын тал үүнийг эрс няцаасан юм.

Навальный таван сар орчим нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний эцэст эх орондоо эргэн очсон ч хууль бусаар хөрөнгөжсөн, хэт даврагч үйл ажиллагаа явуулсан, залилангийн хэрэг хийсэн зэрэг хэрэг тулган 30 гаруй жилийн хорих ял хүлээлгэснээр 2021 оны нэгдүгээр сараас хойш хоригдож байсан билээ. Ийнхүү тэрээр гурван жил шоронд ял эдэлсний эцэст нас нөгчсөн байна.

Навальныйгийн ээж хүүгийнхээ цогцсыг шоронгийн ойролцоох Салехард тосгонд шилжүүлсэн тухай сонсоод тийшээ очсон ч морг хаалттайгаас гадна энд байхгүй хэмээн хэлсэн талаар Навальныйгийн ойрын хүрээнийхэн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Навальныйгийн үхлийн шалтгааны талаар ямар нэгэн тодорхой мэдээллийг одоог хэр нь олон нийтэд өгөөгүй байна. ОХУ-ын Холбооны шоронгийн удирдлагууд Навальный салхилж яваад гэнэтхэн ухаан алдан унасныхаа дараа нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд үхлийн шалтгааныг шалгаж байгаа гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Харин Навальныйгийн ээжид хүүгийнх нь цогцсыг задлан шинжилгээ хийж дууссаны дараа хүлээлгэн өгөх боломжтой гэж хэлсэн гэжээ. Тодруулбал хорих ангийн удирдлагууд Навальныйгийн ээжид хэлэхдээ эхний задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан тодорхой болоогүй тул хоёр дахь задлан шинжилгээг хийх шаардлага тулгарсан хэмээн тайлбарласан байна.

Навальныйгийн хамтран зүтгэгч Иван Жданов нийгмийн сүлжээний Х платформд (хуучнаар Twitter) дурдахдаа түүний ээж, өмгөөлөгч нар түүний үхлийн шалтгааныг “гэнэтийн үхлийн синдром" гэж үзэж байгаан онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Навальныйгийн ойрын хүрээнийхэн түүний үхлийг аллага хэмээн үзэж, уг хэргийн ард ерөнхийлөгч Путин байгаа хэмээн хатуу мэдэгдсэн хэдий ч Кремлийг орлцсон гэх ямар нэгэн нотлох баримтыг дэлгээгүй юм.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Навальныйгийн амийг зориудаар хөнөөсөн бөгөөд энэ нь Путины даалгавар байсан гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.

Харин Кремлийн зүгээс Ярмышын хэлсэн үгэнд тайлбар өгөхийг хүссэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35