Европын Холбооны цэргийн аж үйлдвэрийг шинэчлэх төлөвлөгөөг танилцуулжээ
3 сарын 6. 11:230

Европын Холбооны /ЕХ/ батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг бэхжүүлэх томоохон хөтөлбөрийг Европын Комисс гуравдугаар сарын 5-ны мягмар гарагт танилцууллаа.

Европын аюулгүй байдлыг хангах загвар өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан Европын батлан хамгаалах салбарын технологи, үйлдвэрлэлийн баазын өрсөлдөх чадварыг сайжруулахад зориулж 2025-2027 он хүртэл ЕХ-ны төсвөөс 1.5 тэрбум евро хуваарилна.

Энэхүү төлөвлөгөөнд зэвсэг нийлүүлэх, захиалах хамтарсан санхүүжилт, ЕХ-ны цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг шинэчлэх, түүнчлэн батлан хамгаалах салбарын компаниудыг бэхжүүлэх бусад арга хэмжээг тусгасан байна.

Хөтөлбөрийн төсвөөс Украин, ЕХ-ны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Украины батлан хамгаалах салбарын аж үйлдвэр, технологийн баазыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

“Бид загварыг өөрчилж, дайны эдийн засгийн горимд шилжих шаардлагатай. Энэ нь Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар илүү эрсдлийг хүлээх ёстой гэсэн үг юм” гэж ЕХ-ны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон хэллээ. Тэрбээр шинэ санаачилгыг танилцуулахдаа “Өндөр эрчимтэй дайны гал манай хилд тулж ирэхээс сэргийлэх үүднээс бид илүү өндөр шаардлагад шилжихээр шийдлээ” хэмээн мэдэгдэв.

Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн стратеги бол Европын зэвсэг үйлдвэрлэгчдийг урт хугацааны хөрөнгө оруулалтыг болон үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тэдний эзэмшиж буй зэвсгийг анх удаа нэгтгэн каталогижуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргрете Вестагер хэлэхдээ "бид өөрсдийн аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой, мөн НАТО-гийн холбоотны үүрэг амлалтаа тууштай хэрэгжүүлэх ёстой" гэлээ.

ЕХ-ны аж үйлдвэр, батлан хамгаалах салбарыг үндсээр нь өөрчлөх болсны шалтгаанууд гэвэл, Украины дайн, мөн Европын холбоотнуудаа хамгаалах талаар Америкийн авсан үүрэг амлалтын тухайд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трампын хийсэн мэдэгдэл юм.

“Бид АНУ-ын сонгуулийн өрнөлөөс үл хамааран Атлантын далай дамнасан зөв тэнцвэрийг хангах хэрэгтэй” гэж М.Вестагер хэлээд Д.Трамп сонгуульд ялбал НАТО-гийн холбоотнуудад өгсөн АНУ-ын үүрэг амлалт гуйвж дайвна гэдгийг санууллаа.

Т.Бретон сум, зэвсэг, цэргийн техникийн төвлөрсөн худалдан авалтын агентлаг байгуулах замаар худалдан авалтын тогтолцоог сайжруулах гэх зэрэг саналуудыг танилцууллаа.

Шинэ стратегийн хүрээнд ЕХ-ны орнууд 2030 он гэхэд батлан хамгаалах хэрэгслийн дор хаяж 40 хувийг хамтран худалдаж авах, 2030 он гэхэд ийм худалдааны өртөг нь ЕХ-ны батлан хамгаалахын зах зээлийн үнийн дүнгийн 35-аас доошгүй хувийг бүрдүүлдэг байхыг санал болгоно.

Т.Бретоны танилцуулсан өөр нэгэн санал бол хямралын үед зэвсэг худалдан авах тендерт Европын компаниуд түлхүү оролцох ёстой гэсэн санал юм. Европын орнуудын зэвсэг худалдан авалтын ихэнх нь тус тивээс гадуур хийгддэг тухай Францын "Le Monde" сонинд нэрээ нууцалсан албан тушаалтны ярьсныг эш татан бичжээ. Түүний ярьснаар "2022 оноос хойш зэвсэг, цэргийн техник хэрэгслийн худалдан авалтын 75 хувийг Европын бус компаниуд, 68 хувийг Америкийн компаниуд хийжээ". Иймээс Европ дахь худалдан авалтад Европын компаниудын эзлэх хувийг доод тал нь 50 хувь хүртэл нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

Өчигдөр танилцуулсан стратегийн дагуу энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 50 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2035 он гэхэд 60 хувьд хүрэх ёстой.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01