Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал тамхи татдаггүй эрчүүдээс хоёр дахин их байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Олон улсын эрдэм шинжилгээний Journal of Cosmetic Dermatology сэтгүүлийн 15-ны өдөр мэдээлснээр Канадын Онтарио муж дахь Aditya K Gupta Mediprobe Research судалгааны баг тамхидалт болон үс уналтын хамаарлын талаарх 8 эрдэм шинжилгээний бүтээлийг судалсны үр дүнд ийнхүү дүгнэхэд хүрсэн байна.
Судалгааны үр дүнд тамхи татдаг эрчүүдийн үс уналт нь тамхи татдаггүй эрчүүдээс 1.8 дахин их байдаг нь тогтоогджээ.
Түүнчлэн өдөрт 10-аас дээш тамхи татдаг эрчүүдийн үс уналт өдөрт 10-аас бага тамхи татдаг эрчүүдийнхээс хоёр дахин их байгааг уг судалгааны үр дүнгээс харж болохоор байгаа юм.
Эрдэмтдийн дүгнэж буйгаар тамхи татах үед тамхинд агуулагддаг никотин нь судсыг агшааж, улмаар хуйхны цусны эргэлтийг бууруулдаг болохыг тогтоожээ. Тэрчлэн тамхины утаа нь үс унах явцыг түргэсгэж өгдөг гэдгийг нэмж тайлбарласан байна.
Эрдэмтэд "Эрэгтэйчүүдийн халзралтад удамшлын хүчин зүйлийн нөлөө их байдаг ч тамхи татах зэрэг тухайн хүний амьдралын хэв маяг ч ихээхэн нөлөө үзүүлдэг. Халзрал, үс уналтын эсрэг эмчилгээ хийлгэж буй хүнд тамхидалт хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаарх мэдээллийг нэмэлтээр зөвлөх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.
Энэхүү судалгааны үр дүнгийн талаар олон улсын эрдэм шинжилгээний Journal of Cosmetic Dermatology сэтгүүлийн 4-р сарын дугаарт нийтэлсэн байна.
Эх сурвалж: Fnnews