Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
5 сарын 17. 7:510

Герман улсын засгийн газар илүү цагаар ажилласан хөдөлмөр эрхлэгчдээ татварын хөнгөлөлт үзүүлж урамшуулахаар болжээ. Учир нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага ажлын цагтай тус улс үүнийгээ нөхөх зорилготойгоос гадна эдийн засгаа сэргээх арга зам эрэлхийлж буй нь энэ бололтой.

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Британийн Financial Times сонины онцолсноор “Герман улс ажлын цагийг уртасгахын тулд татварын хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээлэв. Энэхүү шийдвэрийн тусламжтайгаар аажмаар багассаар байгаа ажлын цагийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтворгүй байдлыг үгүй хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Германы канцлер Олаф Шольцын засгийн газар ажлын цагийг уртасгах бодлогыг дэмжиж өгөхийн тулд ирэх сарын эхээр "өсөлтийн төлөвлөгөө"-г зарлах төлөвтэй байна гэж Financial Times сонин мэдээлэв. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд илүү цагаар ажилласан тохиолдолд татвараас хөнгөлөх юм уу нийгмийн халамжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлэх аж.

Цар тахлын дараа Европ даяар ажлын цагийг бууруулсан нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, өрсөлдөх чадварыг сулруулснаас гадна хүн амын насжилтын улмаас ажиллах хүч улам хумигдаж байгаа энэ үед энэ бүхнийг шийдвэрлэх арга замыг хайж буйн тод жишээ гэхэд буруудахгүй. Хэдийгээр цалин орлого багатай хөдөлмөр эрхлэгчдийн хувьд илүү цагаар ажиллах хүсэл их байдаг ч нэмэлт орлогод ногдуулах татвар болон бусад нийгмийн халамжийг бууруулдаг явдал нь тэдний ажиллах хүсэл эрмэлзэл бууруулж байна хэмээн үзэж болох юм.

Financial Times сонины мэдээлснээр Германы төмөр замын салбарын ажилчид одоогийн байдлаар долоо хоногт 38 цаг ажиллаж байгаа ажлын цагийг 2029 он гэхэд 35 цаг болгон бууруулахаар төлөвлөж буй аж. Евро бүсийн ажилчдын ажлын цаг өнгөрсөн онд 2020 онтой харьцуулахад дунджаар 5 цагаар багассан нь жилд 2 сая бүтэн цагийн ажлын байрыг алдсантай тэнцэж байна гэж Европын Төв банк тооцоолжээ.

АНУ-ын хувьд хөдөлмөр эрхлэгчдийн дундаж ажлын цаг тогтвортой хэвээр байна.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын 2022 оны мэдээллээр Герман өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн богино ажлын цагтай болохыг онцлон тэмдэглэв. Америкчууд жилд дунджаар 1800 орчим цаг ажилладаг бол германчууд 1400 хүрэхгүй цаг ажилладаг. Харин Европын орнуудад энэ хугацаа ойролцоогоор 1600 цаг байдаг аж.

ХБНГУ-ын Канцлерын тамгын газрын Төрийн нарийн бичгийн дарга Йорг Кукис "Бүгд л манай орны эдийн засгийн мөчлөгийн талаар ярьдаг ч эдийн засгийн хөгжил эргээд жилийн 0.6, 0.8 хувьд хүрсэн ч бүтцийн асуудал шийдэгдэхгүй. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхээр хичээж байна” хэмээн тайлбарлав.

ХБНГУ-ын Сангийн яам долоо хоногт 41 цагаас илүү цагаар ажилласан тохиолдолд татварыг хөнгөлөх, ажилгүйдлийн тэтгэмжийн тогтолцоонд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52