Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
6 сарын 25. 23:530

Дэлхийн зэсийн уурхайнуудын талаас илүү хувь нь ган гачгийн эрсдэлд өртөж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тэрчлэн цаг агаарын хэвийн бус нөхцлөөс шалтгаалан төмрийн хүдэр, литий, кобальт зэрэг бусад гол түүхий эдийн нийлүүлэлтэд тасалдал үүсэх вий гэх болгоомжлол мэргэжилтнүүдийн дунд үүсээд байна.

Олон улсын санхүүгийн төв 24-ний өдөр нийтэлсэн тайландаа, "Дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын хэвийн бус үзэгдэл нь олон улсын түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө" гэх дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал олон улсын зөвлөх үйлчилгээний PricewaterhouseCoopers фирмийн тоо баримтаас иш татан тус төвийн зүгээс 2050 он гэхэд дэлхийн зэсийн уурхайн 54 хувь, лити, кобальтын уурхайн 74 хувь нь ган гачгийн улмаас олборлолтоо бууруулна гэж таамагласан байна. Ашигт малтмалын хүдрийг бутлах, хольцыг ялгах, тоног төхөөрөмжийг цэвэрлэхэд усыг ашигладаг билээ. “Уурхайнуудын 30-50 хувь нь усны нөөц хангалтгүй бүс нутагт оршдог учраас зэс, алт, төмрийн хүдэр, цайр зэрэг түүхий эд ган гачигт өртөмтгий чанартай” гэж МcKinsey онцолсон байна.

Дэлхийн зэсийн 30 гаруй хувийг (2020 оны байдлаар) үйлдвэрлэдэг Чили улс хэдийн ган гачигт нэрвэгдээд байгаа билээ. Чилийн төрийн өмчит уул уурхайн Codelco компани өнгөрсөн онд 1.325 сая тонн зэс олборлосон нь усны хомсдол болон бусад хүчин зүйлээс шалтгаалж сүүлийн 25 жилийн хамгийн бага үзүүлэлт болсон юм.

Олон улсын санхүүгийн төвийн зүгээс өнгөрөгч 24-ний өдөр "Цаг уурын хэвийн бус байдлаас шалтгаалж нийлүүлэлтийн хувьд тодорхой тооны улс орнуудаас ихээхэн хамааралтай байдаг уул уурхайн бүтээгдэхүүнүүдэд тасалдал үүсэх эрсдэл гарч болзошгүй" гэдгийг анхааруулсан байна.

Дэлхийн зэсийн нөөцийн 47 хувь нь Чили, Перу, Конго зэрэг гурван улсад төвлөрдөг бол төмрийн хүдрийн 74 хувь нь Хятад, Австрали, Бразилд, бокситын 80.8 хувь нь Гвиней, Хятад, Бразил зэрэг гурван улсад төвлөрдөг аж. Ялангуяа

хиймэл оюун ухааны технологийн “галзуурал” улам эрчимжиж буй сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом өсөж байгаа билээ. Тэгвэл зэсийн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд уг салбарт асар их хор хохирол учирч мэдэхээр байгаа юм. Дэлхийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн Macquarie компани хиймэл оюун ухааны дата төвүүд хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд зэсийн эрэлт жилд 2 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж таамаглажээ. Дата төв болон цахилгаан сүлжээний бүтээн байгуулалтад зэс гол түүхий эд болдог билээ.

Чилийн хамгийн том зэс, литийн орд болох Хойд Антофагаста муж нь усны хомсдолын улмаас олборлолтоо нэмэгдүүлэх боломжгүйд хүрээд байгаа бүс нутгийн гол жишээ юм. Сүүлийн 15 жил үргэлжилсэн ган гачгийн улмаас усны нөөц багасаж байгаа талаар орон нутгийн уул уурхайн Antofagasta PLC компани цохон тэмдэглэсэн байна. Тус компанийн зэсийн үйлдвэрлэл энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурчээ.

Усны нөөц хязгаарлагдмал учраас уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй ус ашиглалтаас болж зөрчилдөөн үүсгэх нь элбэг тохиолддог байна. Antofagasta PLC болон Австралийн уул уурхайн BHP компанийг 2022 онд Чилийн Батлан ​​хамгаалах комисс байгаль орчныг бохирдуулсан хэргээр шүүхэд өгч байжээ. Тодруулбал уул уурхайн компаниуд холбогдох дүрэм журмад тусгаснаас хамаагүй их хэмжээгээр усыг ашиглаж, орон нутгийн экосистем болон уугуул иргэдэд ноцтой хохирол учруулсан хэмээн Чилийн Батлан ​​хамгаалах комисс гомдол гаргаж байв.

Энэхүү асуудлыг шийдэх цорын ганц гарц нь далайн усыг цэвэршүүлэх байгууламжийг барих явдал хэмээн мэргэжилтнүүд үздэг байна. Гэвч хөрөнгө оруулалтын цар хүрээ том, цаг хугацаа их шаардах учраас усны асуудлыг тийм ч хурдан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал хэмээн үздэг аж.

Түүнчлэн зэсийн нийлүүлэлтэд асуудал үүсэх эрсдэлтэй байгаа зэргээс шалтгаалж ойрын хэдэн жилийн хугацаанд зэсийн үнэ тэнгэрт хадаж магадгүй гэх таамаг бий. Goldman Sachs ирэх онд зэсийн дундаж үнэ тонн нь 15 мянган ам.доллар болно гэж таамаглажээ. Andiun Capital сангийн үүсгэн байгуулагч Пьер Андуин зэсийн нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн 2028 онд дэлхийн зэсийн үнэ тонн тутамдаа 40 мянган ам.доллар болж өсөх магадлалтай гэж таамагласан удаатай. Өнгөрсөн сарын 21-нд Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10.857 ам.доллароор арилжаалагдсан нь түүхэн дээд амжилт болсон юм. Гэвч өнгөрөгч 21-ний өдөр 9.563 ам.доллар болтлоо буураад байна.

Сүүлийн жилүүдэд тохиож буй хэт халалтын улмаас цахилгаан эрчим хүчний хэрэгцээ мэдэгдэхүйц нэмэгдэхийн хэрээр нүүрс, байгалийн хий зэрэг чулуужсан түлшний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Олон улсын санхүүгийн төвөөс “Европт зуны улиралд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тайланд, Энэтхэг, Бангладеш зэрэг Азийн орнууд ч эрчим хүчний үйлдвэрлэлийн зорилгоор байгалийн хийн хэрэгцээгээ нэмэгдүүлээд байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас