Мягмар гарагт “QUAD”-ийн гишүүн орнууд буюу Америк, Энэтхэг, Япон, Австралийн удирдагч нар Токио хотноо цуглаж, “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээр”-ийг эхлүүлжээ.
Уулзалтад АНУ-ыг төлөөлж ерөнхийлөгч Жо Байден оролцсон бол Энэтхэг, Япон, Австрали улсыг төлөөлж тэдгээр улсын ерөнхий сайд нар болох Нарендра Моди, Фумио Кишида, Энтони Албанийз оролцож байгаа юм.
Уулзалтын нээлтийн үеэр тэд “QUAD”-ийн гишүүн орнуудын харилцаа холбоог магтаж, Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй болгох зорилгоо сануулсан бөгөөд Украин улсын нөхцөл байдал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдал болоод дөрвөн улсын эдийн засгийн хөгжлийг хэлэлцсэн байна.
Үйл явдлын хүрээнд ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Украин руу дайрсан явдлыг буруушааж, АНУ Киевийн талд зогсож буйг хэлжээ. Түүнчлэн тэрээр ерөнхийлөгч Путинийг Украины түүх соёлыг үгүйрүүлэх зорилготой ажиллаж байна хэмээн буруутгаж, түүнийг Украины сургууль, сүм хийд болон музей рүү дайрч байгааг сануулсан юм.
Харин Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида, “Биднийг өнгөрөгч есдүгээр сард уулзсанаас хойш олон улсын дэг журмыг уг үндсээр нь ганхуулсан ноцтой хэрэг гарлаа. ОХУ-ын Украин руу дайрсан хэрэг НҮБ-ын дүрэм журмыг бүхэлд нь эсэргүүцсэн хэрэг болж байна.
Бид Энэтхэг-Номхон далайн бүсэд үүнтэй адил төстэй үйл явдал болохыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Цаг үеийн нөхцөл байдал ширүүхэн байгаа энэ үед бид өөрсдийн нэгдмэл байдал болоод Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй бүс болгох зорилготой байгаагаа олон улсад харуулах нь маш чухал нөлөөтэй юм” хэмээжээ.
Тийнхүү нээлтийн ажиллагааны дараагаар удирдагч нар уулзалтаа Кантей ордонд хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэх болсон юм.
Эх сурвалж: CNN
Enetheg, avstrali yu gesniig yagaad niitleegui baigaa yum bol?