Ouija сүнслэг брэндийн бизнес түүх
2022, 10 сарын 31. 22:360

Америкийн сүнсний баярыг тохиолдуулан Салем хот дахь шулмын музейд зочлов. Энэ бол 1692 онд шулмын шүүх хурал болж байсан газар бөгөөд харин одоо музей, шулмын эд зүйлсийн дэлгүүр, сүнстэй аяллын хөтөлбөр, хий үзэгдэлтэй байшингууд болон сүнстэй холбоотой ер бусын үзэгдлүүдийн тухай өгүүлдэг газар болжээ.

Музейд нэгэн сонирхолтой бизнесийн түүхийг дэлгэсэн нь Ouija буюу сүнстэй харилцах самбар байлаа. Тоо, үсэг, "тийм", "үгүй", "баяртай" гэх үгстэй энгийн нэг самбар байх бөгөөд зааврын дагуу сүнс дуудаж асуулт сүнс тэдгээр үсгийг ашиглан хариулдаг нэг төрлийн тоглоом. Тус самбар цагтаа олон сая ам.долларын ашиг олж байсан брэнд юм. Музейн захирал Жон Козик “Пепси, кола хоёрыг бодоод үзээрэй. Магадгүй кола нэгдүгээрт, пепси хоёрдугаар байрт эрэмбэлэгдэнэ. Харин Ouija цор ганц” гэсэн юм.

Ouija бол сүнсэнд итгэх итгэл бизнесийн загвар болсон түүх юм. 19 дүгээр зууны дунд үед АНУ, Европт хүн үхэгсэдтэй харилцаж болно гэх үзэл тархсан байсан. Улмаар хүмүүс хана, тавилга дээр тогших зэрэг элдэв чимээ гарган сүнстэй харилцахыг оролдож байсан. Дараа нь сүнстэй харилцах самбар өрхийн хэмжээнд хийж эхэлжээ. Үүнээс боломж олж харсан эрхэм бол бордооны бизнес эрхлэгч Чарльз Кеннард юм. Тэрбээр танил мужаандаа 10 ширхэг анхны Ouija самбарыг захиалан хийлгүүлэн анх худалдсан ажээ.

Кеннард 1890 оны аравдугаар сард Kennard Novelty компанийг үүсгэн байгуулав. Тэрхүү компанийн эрхэм зорилго нь аль болох олон Ouija самбар зарах байлаа. Тухайн үед ижил төстэй бүтээгдэхүүнүүд “сүнс дуудаж чаддаггүй” гэх шалтгаанаар худалдааны эрхээ авч чадахгүй байсан юм. Харин Кеннардын хамтрагч Элия Бонд болон түүний сүнстэй харилцаж чаддаг гэх үеэл эгч Хелен нар албан газруудаар цуцалтгүй хэссэний эцэст нэгэн ахлах ажилтан “Энэ самбараараа миний нэрийг тааж чадвал зөвшөөрлийг чинь өгье” гэж ам алджээ. Хелен түүний нэрийг самбар дээр үсэг үсгээр нь зөв нэрлэсэн бөгөөд ахлах чичирсэн гараараа худалдааны зөвшөөрөл, патентын эрх олгосон гэдэг. Улмаар самбарын хайрцаг дээр “Патентын газраар баталгаажсан” гэх хүчирхэг маркетинг болохуйц тодорхойлолт бичих боломжтой болжээ. Улмаар нэг самбарыг тухайн үед 1 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 33 ам.доллароор худалдаж 1892 онд Ouija ихэд алдаршин таван үйлдвэртэй болсон байлаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам улам гүн айдас төрүүлж, чөтгөрийн утга санааг илүү төлөвшүүлэх нь Ouija самбарын маркетингийн онцлог гэж болно. Үүндээ кино урлаг, дуу, цуу яриа ихээр ашигласаар иржээ. Ouija сүнсний тухай “Weegee Weegee Tell Me Do,” “Ouija Mine,” “Ouija Board” зэрэг алдартай дуунууд бий. 1930 онд Нью-Йоркийн нэгэн эмэгтэйг найз залуугаа хөнөө хэмээн сүнс Ouija-гаар дамжуулан ятгасан гэх мэдүүлэгтэй бодит явдал байдаг. Түүнчлэн 1960 оны “13 Ghosts”, 1986 оны “Dennis Tenney’s Witchboard”, 1973 оны “The Exorcist” кинонд тус тус Ouija ашиглан сүнс дууддаг. 1973 оны борлуулалт дээрх киноны улмаас 15 хувиар өссөн байдаг. Мөн 2010-аад оны дунд үед Ouija хоёр аймшгийн кино бүтээсэн нь хоёул арилжааны хувьд амжилт олсон. Эхний анги голдуу сөрөг үнэлгээтэй байсан ч 5-8 сая ам.долларын төсөвтэй бүтэж 103.6 сая ам.долларын орлого олжээ. Хэрэв самбарыг ганцаараа байхдаа ашиглавал ямар нэгэн муу зүйл тохиолдоно гэсэн санаа хамгийн их нөлөөтэй маркетинг байж болох юм.

Ouija өрсөлдөгч гарч ирмэгц шүүхэд нэхэмжлэл үүсгэх, хямд үнэ тогтоох зэрэг тактикаар бүгдийг нь ялсаар ирсэн. 1986 онд Ouija алдарт Monopoly тоглоомоос бараг хоёр дахин өндөр үнэ болох 975 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 8.9 сая доллароор Parker Brothers компанид шилжсэн юм. Тухайн үед тус компанийн эзэмшигч Рэндольф Паркер Бартон “Би хоёр жилийн дотор мөнгөө буцааж олсон” гэж хэлж байв. Ouija нэг жилд 400 мянга гаруй самбар зардаг байсан ч захиалгаа гүйцэж чаддаггүй байжээ. Улмаар 1967 онд хоёр сая ширхэг самбар борлуулсан нь бусад 134 тоглоомоос илүү өндөр үзүүлэлт юм. Түүнээс хойш Ouija гурван эзэмшигчийн гар дамжин өнөөдөр Hasbro-ийн эзэмшилд иржээ. Ouija-ийн удирдах зөвлөл үеийн үед өнөөг хүртэл сүнстэй харилцдаг гэх хүмүүсээс зайгаа барьсаар ирсэн. Өдгөө Салем хотын шулмын музейд хараалтай самбараас ангижрахыг хүссэн хүмүүс шуудангаар олон арван самбар илгээсээр байна. Зарим нь давсаар бүрхсэн байдалтай ирдэг аж.

Эх сурвалж: Hustle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35