АНУ-ыг “хөл алдуулж буй” Энэтхэгийн ерөнхий сайд Моди тус улсаас багагүй хөрөнгө оруулалтыг татах бололтой
2023, 6 сарын 22. 15:050

АНУ-д төрийн айлчлал хийж буй Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Америкийн бизнесмэнүүдтэй буухиа уулзалт хийж эхэлжээ. Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон домогт хөрөнгө оруулагч Рэй Далио нартай уулзсаныхаа дараа тэрээр технологийн салбарын томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудтай ээлж дараалан уулзах аж. Энэтхэг улс нь Хятадыг орлох цорын ганц орон гэж хүлээн зөвшөөрөгдсөнийг далимдуулан АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээгээ эрчимжүүлж байна хэмээн шинжээчид үзжээ.

Тэрээр Илон Масктай уулзаж Энэтхэгт Тesla-гийн үйлдвэрийг байгуулах төлөвлөгөөний талаар ярилцсан тухай Bloomberg News агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Модигийн албан ёсны YouTube сувгаар дамжуулан Маск "Би Модигийн шүтэн бишрэгч" хэмээн хэлсэн байна. Түүнчлэн "Үнэндээ би Энэтхэгийн ирээдүйд асар их хүлээлттэй байгаа. Энэтхэг бол дэлхийн бусад улс орнуудаас хамаагүй илүү ирээдүйтэй орон” хэмээн тэрээр өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэтхэгт хөрөнгө оруулах төлөвлөгөөний талаар Маскаас асуухад “Энэтхэг улс ирээдүйд нар, салхины эрчим хүчийг ашиглан тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэх асар их нөөцтэй" хэмээн хариулсан байна. Тэрээр мөн өөрийн удирддаг SpaceX компанийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink-ийн талаар “Бид Энэтхэгт Starlink үйлчилгээ нэвтрэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Энэхүү үйлчилгээ нь алслагдсан хөдөө тосгон гэх мэт интернет холболтгүй эсвэл интернет маш үнэтэй, удаан байдаг газруудад үнэхээр тустай үйлчилгээ” хэмээн цохон тэмдэглэв.

Ерөнхий сайд Моди мөн дэлхийн хамгийн том эрсдэлийн сан болох Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч Рэй Далиогаас хөрөнгө оруулалт хүссэн байна. Тэрээр 22-ны өдөр Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн оройн зоог барих ба энэ үеэр Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, Мicrosoft компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла нартай уулзах аж. Түүнчлэн 23-ны өдөр ч технологийн салбарын томоохон компаниудын удирдлагуудтай тусгай уулзалтыг хийх гэнэ.

Ерөнхий сайд Модигийн энэ удаагийн айлчлалын үеэр АНУ-ын General Electric компани Энэтхэгийн батлан ​​хамгаалахын Hindustan Aeronautics компанитай Энэтхэгт сөнөөгч онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх гэрээ байгуулна гэж гадаадын хэвлэлүүд таамаглаж байгаа юм.

TD Securities судалгааны фирмийн дүгнэж буйгаар "Энэтхэгийн эдийн засгийн ирээдүйтэй хэтийн төлөв болон Хятадаас хараат байдлаа бууруулахаар оролдож буй дэлхийн хандлага зэрэг нь тус улсад хөрөнгө оруулалт татахад тусалж байна" хэмээжээ.

Ерөнхий сайд Модид хандаж буй хандлага ч урьд өмнөхөөсөө тэс өөр болсон нь ажиглагдаж байна. 2005 онд Хинду болон Лалын шашинтнуудын хоорондох цуст мөргөлдөөнийг үл тоомсорлосон гэдэг шалтгаанаар АНУ түүнд виз олгохоос татгалзаж байсан билээ.

Харин 2014 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш тав дахь удаагаа АНУ-д хүрэлцэн ирж буй тэрээр энэ удаад төрийн хүндэт зочноор уригдсан нь энэ юм. Энэ айлчлалын үеэр ерөнхийлөгч Жо Байдентай хүндэтгэлийн оройн зоог барих юм. 2016 онд АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд илтгэл тавьж байсан тэрээр энэ удаагийн айлчлалаараа хоёр дахь удаагаа илтгэл тавихаар болжээ. Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела зэрэг АНУ-ын Конгресст хоёроос дээш удаа илтгэл тавьж байсан гадны орнуудын удирдагчид цөөхөн байдаг юм.

Financial Times сонины онцолж буйгаар “Хятадын эсрэг зогсох улс Энэтхэгээс өөр байхгүй учраас АНУ Энэтхэгт “зузаан улаан хивс” дэвсэн хөл алдаж байна" хэмээн ёгтолжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01