Энэтхэгийн засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нийт 100 хотод 10 мянган цахилгаан автобусыг нийтийн тээвэрт явуулах шийдвэрийг гаргажээ.
The Times of India зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлэхдээ ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлсэн Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан тухай онцлов.
Олон нийтийн харилцааны сайд Анураг Такур мөн өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, "Цахилгаан автобусны төсөлд нийт 576,13 тэрбум рупигийн хөрөнгө оруулалт хийх болно. Холбооны засгийн газраас үүний 200 тэрбум рупиг гаргах бол үлдсэн хэсгийг нь тухайн мужийн захиргаа хариуцна” хэмээн тайлбарласан байна.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэх хотуудыг тендерийн журмаар сонгох аж. Тодруулбал уг тендерт зөвхөн 300 мянга ба түүнээс дээш хүн амтай хотууд оролцох боломжтой. Тэрбээр “Цахилгаан автобус худалдан авах, засвар үйлчилгээ хийх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр явуулна. Энэхүү төсөл 2037 он хүртэл үргэлжилнэ” хэмээн цохон тэмдэглэв.
Мөн өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Дижитал Энэтхэг” хөтөлбөрийг өргөжүүлэх төлөвлөгөөг баталсан ба үүнд 149.03 тэрбум рупи төсөвлөжээ. “Дижитал Энэтхэг” хөтөлбөр нь 2015 оны 7-р сард ерөнхий сайд Модигийн санаачилсан кампанит ажил бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг олгох зорилготой юм.
Түүнчлэн мужаан, өрлөгчин, алтны дархан зэрэг уламжлалт гар урлалын ажил эрхэлдэг хүмүүсийн амьжиргааг дэмжих зорилгоор 130-150 тэрбум рупиг төсөвт суулгах саналыг мөн баталсан байна. Ерөнхий сайд Моди тусгаар тогтнолын баярын үеэр буюу өмнөх өдөр нь хэлэхдээ дээрх төсөл ирэх сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэнэ хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: Asiae