АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буй нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэдий ч АНУ-ын эдийн засгийг уналтад оруулж хараахан чадахгүй хэмээн онцлон тэмдэглэжээ.
"Их 20"-ийн бүлгийн Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Энэтхэгт айлчилж байгаа сайд Йеллен орон нутгийн цагаар 17-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Олон улс орон, ялангуяа Азийн орнууд өөрийн орны эдийн засгийн өсөлтийг сайжруулахын тулд Хятадын эрчимтэй өсөлтийг түшиж буй нь нууц биш” хэмээн өгүүлэв.
Мөн өдөр БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрөгч хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өссөнийг зарласан нь зах зээлийн хүлээлтээс хамаагүй доогуур үзүүлэлт болсон юм.
Тэрээр үргэлжлүүлэн “Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь АНУ-ын эдийн засагт бага зэрэг сөргөөр нөлөөлөх хэдий ч арай ч уналтад орох хэмжээнд нөлөөлөх нь юу л бол” хэмээн дурдсан байна.
“АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан ч хөдөлмөрийн зах зээл өсөлттэй хэвээр байна. Тодруулбал хөдөлмөрийн зах зээлд нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц бууралт ажиглагдахгүй байгаа хэр нь инфляцын түвшин буурсаар байгаа тун сайн хэрэг юм” хэмээн цохон тэмдэглэжээ.
“Хятадыг шударга бус худалдааны үйл ажиллагаа явуулсных нь төлөө Трампын засаг захиргааны зүгээс тавьсан өндөр тарифын журмыг сунгах эсэх асуудлыг бид хэлэлцэж байна” хэмээн тэрээр нэмэлт тайлбар хийсэн байна.
Эх сурвалж: Newsis