Дижитал медиа болон аудио тоглуулагч үйлдвэрлэдэг америк компани Roku дотооддоо орон тооны цомхотгол хийхээр төлөвлөж байгаагаа зарласнаар тус компанийн нэгж хувьцааны үнэ өсжээ.
Тодруулбал, лхагва гарагт Roku компаниас мэдэгдсэнээр тэд зардлаа танах үүднээс ойрын хугацаанд нийт ажилтнуудынхаа 10 хувь буюу 300 орчим хүнийг орон тооны цомхотголд оруулахаар төлөвлөж байгаа гэсэн юм.
Үүнээс гадна тэдний зүгээс шинэ ажилтан авахаа завсарлах бөгөөд оффисуудаа нэгтгэж, гаднаас авах үйлчилгээгээ бууруулна гэжээ.
Тийнхүү уг мэдэгдэл гарсны дараагаар тэдний нэгж хувьцааны үнэ олон улсын зах зээлд 10 гаруй хувиар өссөн байна.
Үйл явдлын хүрээнд CNN сувгаас мэдээлснээр уг цомхотголыг төлөвлөснөөр Roku нэг жилийн хугацаанд гурван удаа орон тооны цомхотгол хийж байна гэнэ. Тэдний хувьд өнгөрөгч гуравдугаар сар болон 2022 оны арваннэгдүгээр сард тус тус 200 ажилтныг орон тооны цомхотголд оруулсан юм.
Эх сурвалж: CNN