БНХАУ: Энэ онд 28 сая иргэн тэтгэвэрт гарч түүхэн дээд амжилт тогтоосноор эдийн засагт хүндрэл учрах төлөвтэй байна
9 сарын 19. 8:060

Хятадын эдийн засаг удааширч байгаагийн дээр энэ онд 28 сая иргэн тэтгэвэрт гарч түүхэн дээд амжилт тогтоож буй явдал нь тэтгэвэр болон өндөр настны бусад асрамжийн тогтолцоонд дарамт учруулах төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Хонг Конгийн South China Morning Post сонин орон нутгийн цагаар 17-ны өдөр онцлон тэмдэглэхдээ, Хятадын түүхэнд хамгийн олон төрөлт бүртгэгдэж асан 1963 онд төрсөн хүмүүс энэ жил тэтгэвэрт гарч байгаа нь тус улсын эдийн засагт томоохон хүндрэлийг дагуулж болзошгүй гэжээ.

Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятадын оюуны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрт гарах нас эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 байсан бол бие махбодийн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд 50 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоог мөрдөж иржээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн бага түвшин юм.

Тус улс тэтгэвэрт гарах насыг сунгана гэж мэдэгдэж байсан ч яг хэзээнээс өөрчлөх эсэх нь одоог хэр нь тодорхой бус байгаа юм.

Тодруулбал өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын ажлын тайланд тэтгэврийн насыг уртасгах төлөвлөгөөг тусгаж байв. Түүнчлэн өнгөрөгч 12 дугаар сард Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөлөөс зарласан "Дотоодыг тэлэх стратегийн төлөвлөгөө"-нд ч тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх төлөвлөгөөг тусгажээ.

Жэньминь их сургуулийн проректор Хятадын Иргэний хэргийн яамны зөвлөх Ду Фэн Саус Чайна Морнинг Пост сонинд өгсөн ярилцлагадаа “Тэтгэвэрт гарах насыг уртасгах нь дэлхий нийтийн хандлага" бөгөөд бодлого боловсруулагчид бодит байдалд нийцсэн уян хатан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах шаардлагатай хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ анагаах ухаан, боловсрол гэх мэт эрэлт хэрэгцээ ихтэй салбарт ажиллаж байгаа хүмүүс заавал тэтгэврийн нас нь болмогц тэтгэвэрт гарахаар яарахгүй байх хэрэгтэй гэж бодож байна хэмээн тэрээр үргэлжлүүлэв.

Ренмин их сургуулийн геронтологийн судалгааны төвийн дэд тэргүүн Ду хэлэхдээ, 50 нас хүрээд тэтгэвэрт гарч буй олон хүн байгаагийн зэрэгцээ Хятадад энэ жил 60-аас дээш насны хүмүүсийн тоо 300 саяд хүрнэ гэж таамаглаж байгаагаа дурдсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадад тэтгэвэр авагчдын тоо энэ онд 28 сая болж дээд цэгтээ хүрэх ба түүнээс хойш бага зэрэг буурсаар байх болно хэмээн онцолж буй юм. Гэвч 1960-аад онд их төрөлтийн үе тохиож байсны улмаас тэтгэвэр авагчдын тоо жилдээ 20 сая орчмоос буухгүй гэв.

Түүнчлэн, энэ байдлаараа 60 ба түүнээс дээш насны хүн ам 2050 он гэхэд Хятадын нийт хүн амын 38 гаруй хувийг эзлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тэтгэвэр, өндөр настны асаргаа, эмнэлгийн тогтолцоонд дарамт учруулах нь дамжиггүй гэдгийг анхааруулсаар байгаа юм.

Өнгөрсөн онд Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш анх удаа төрөлтийн тоо 10 саяас доошилж тус улсын хүн ам 61 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан билээ.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар, Хятадад 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 280 сая орчим байсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт 1 тэрбум 410 сая хүн амын 15 орчим хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байжээ. Үүний зэрэгцээ энэ онд Хятадад шинээр төрсөн хүүхдийн тоо 8 саяас бага байх төлөвтэй байгааг зарим шинжээчид онцлов.

Шинээр төрсөн хүүхдийн тоо цөөрч, 60-аас дээш насны өндөр настны тоо нэмэгдэхийн хэрээр хөгширч буй Хятадын нийгэм "хүн амын урамшуулал"-ыг эдлэх боломжгүй болсон гэж зарим шинжээч үзэж байна.

Хүн амыг хөгшрүүлэхгүйн тулд төрөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай ч дан ганц үүнд найдах нь тун өрөөсгөл гэдгийг ч мөн мэргэжилтнүүд сануулсаар байгаа аж.

Тэрчлэн ахмад настны асрамжийн төвүүдээс эхлээд ахмад настны нийгмийн оролцоог дэмжих гэх мэтээр Герман, Япон зэрэг бусад орны жишээг авч үзэх хэрэгтэй гэсэн санал ч гарсан байна.

Хятадын Иргэний хэргийн яамны мэдээлснээр, 2021 оны эцсийн байдлаар, ахмад настны асрамжийн төвүүдэд ердөө 5.04 сая ор байгаа бөгөөд 40 сая ахмад настан 53.1 тэрбум юанийн тэтгэмжийг төрөөс авч байгаа болохыг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй Хятадын гурван компанид хориг арга хэмжээ авчээ
02023-9-28 4:06
Байден АНУ-ын орчин үеийн түүхэнд үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтыг дэмжсэн анхны ерөнхийлөгч болжээ
02023-9-28 3:01
Binance компани ОХУ дахь бизнесээ бүхэлд нь зарах болжээ
02023-9-27 20:15
Японы Mitsubishi Motors компани Хятад дахь үйлдвэрлэлээ бүрмөсөн дуусгавар болгох болжээ
02023-9-27 19:52
Ерөнхийлөгч Жо Байдены нохой Коммандер 11 дэх удаагаа хүн хазжээ
2023-9-27 16:35
Reddit платформ хэрэглэгчдэдээ мөнгө төлдөг болно
2023-9-27 15:38
АНУ: Чикаго хотын залуучууд өнгөрөгч зун хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 33.9 сая ам.долларын орлого олжээ
2023-9-27 12:20
Microsoft компани цөмийн технологийн мэргэжилтнүүд ажилд авах гэж буйн шалтгаан юу вэ?
02023-9-27 1:53
Чам Угала Уриат: Африкийн зах зээлд нийлүүлэх Лада автомашиныг Этиоп улсад үйлдвэрлэх болно
2023-9-26 19:05
ОХУ НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд дахин нэгдэхээр эрмэлзэх болжээ
2023-9-26 18:22