Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
4 сарын 30. 8:140

Японы Нихон Кейзай Шимбун (Никкей) сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, ураны үнэ өнгөрсөн онд 70 орчим хувиар өссөн нь Америкийн хагас дамжуулагч компаниудын хөрөнгийн биржийн индексээс давсан болохыг онцлов. Хөрөнгө оруулагчид ураныг эрчим хүчний эх үүсвэр гэхээсээ илүү хиймэл оюун ухааны технологийн салбарын амин чухал хэрэгцээ гэж хүлээн зөвшөөрч эхэлж буй нь энэ бололтой. Хиймэл оюун ухааны технологийн өсөлтийн улмаас цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа энэ үед нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ цэн дахин нэмэгдэх хандлагатай байна.

Ураны зах зээлийн мэдээллээр төрөлжсөн UxC компанийн мэдээлснээр Чикагогийн худалдааны бирж дээр арилжаалагдсан ураны баяжмалын үнэ (Yellowcake, U3O8) өнгөрөгч хоёрдугаар сарын 5-нд нэг фунт нь (ойролцоогоор 0.45 кг) 106 ам.доллар болж өссөн болохыг дурджээ. Энэ нь 1986 онд Украинд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын (АЦС) ослын дараа “цөмийн эрчим хүчний сэргэн мандалтын” үед буюу 2007 онд фунт нь үнэ 140 ам.долларт хүрч байснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Украины дайны улмаас эрчим хүчний хямралд нэрвэгдээд буй Европын орнуудад цөмийн эрчим хүчийг сэргээх хандлага нэмэгдэж буйтай холбоотойгоор ураны үнэ өнгөрсөн оны эхнээс өссөөр байгаа билээ. Үүнээс гадна хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт эрчимжиж буй нь “тос нэмсэн” явдал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь хиймэл оюун ухааны технологийн дата төвүүд үйл ажиллагаа явуулахад асар их хэмжээний эрчим хүч шаардагддаг. АНУ-ын Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны зүгээс мэдэгдсэнээр 2027 он гэхэд дэлхийн дата төвийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ энэ онтой харьцуулахад 318 тераватт цагаар (ТВт/цаг) нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Энэ нь Индонез улсын бүтэн жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх юм.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэл нь нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийн дотроос 24 цагийн турш эрчим хүчээр хангах чадвар султайд тооцогддог нар болон салхины эрчим хүчтэй харьцуулахад илүү тогтвортой хэмээн сайшаагддаг. Тэрчлэн Microsoft компани саяхан АЦС-ын оператор компанитай эрчим хүч худалдан авах гэрээг үзэглэх зэргээр хиймэл оюун ухааны технологийн салбарыг тэргүүлж буй АНУ-ын томоохон компаниуд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт аль хэдийн хөрөнгө оруулалт хийгээд эхэлжээ.

Үүний үр дүнд АЦС-ын гол түлш болох ураны үнэ өнгөрсөн онд 70 хувиар өссөн нь Филадельфийн хагас дамжуулагчийн хувьцааны индексээс (SOX, ойролцоогоор 58%) илүү хурдацтай өссөн үзүүлэлт болсон юм. “Олон улсын зах зээл ураныг эрчим хүчний эх үүсвэр гэхээсээ илүү хиймэл оюун ухааны технологийн чухал хувьцаа гэж үзэж байна” хэмээн Никкей сонин онцолжээ. АНУ-ын хөрөнгийн удирдлагын Capital Group компанийн багцын менежер Марк Кейси "Технологийн томоохон компаниуд нь цөмийн эрчим хүчний сэргэн мандалтад хамгийн том үүргийг гүйцэтгэх нь тодорхой болсон" хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ
02024-5-21 12:06
Оросын бензиний экспортын хоригийг түр цуцална
02024-5-21 11:59
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11