Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга орон нутгийн цагаар 24-ний өдөр хэлэхдээ, Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш ноцтойгоор нөлөөлж болзошгүй хэмээн онцолжээ.
Франс Пресс зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мөн өдөр мэдээлснээр, Саудын Арабт жил бүр зохион байгуулагддаг “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” чуулга уулзалтын үеэр Дэлхийн банкны ерөнхийлөгч Банга “Израиль болон Газын зурваст өрнөж буй үйл явдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ноцтой аюул учруулна гэж бодож байна” хэмээн цохон тэмдэглэв. Тэрээр үргэлжлүүлэн “Бид маш аюултай цаг үетэй тулгараад байна” хэмээн өгүүлжээ.
Энэ сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израилийн эсрэг гэнэтийн дайралт хийснээс үүдэн дэгдсэн уг дайнд Израилийн талаас хамгийн багадаа 1400 хүн амь үрэгдсэнээс гадна Хамас бүлэглэлийнхэн 200 гаруй хүнийг барьцаалсан байна. Харин Израилийн зүгээс Газын зурваст хийсэн хариу цохилтын улмаас тус бүс нутагт 5000 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Эх сурвалж: Asiae