Хятад тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Энэтхэг улс гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо барихаар төлөвлөжээ.
Орон нутгийн цагаар 29-ний өдөр Таймс оф Индиа сонин болон бусад эх сурвалжид Энэтхэгийн засгийн газар шинэ нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхэд 400 тэрбум рупи буюу 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай мэдээлсэн байна.
Энэ талаар сайн мэддэг эх сурвалж хэлэхдээ, "Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх тэргүүтэй Батлан хамгаалахын шийдвэр гаргах байгууллага болох Батлан хамгаалахын худалдан авах хороо ирэх сарын 1-ний өдөр нисэх онгоц тээгч хөлөг онгоцны шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлах төлөвтэй байна" хэмээн дурджээ.
Шинэ нисэх онгоц тээгч хөлөг нь ойролцоогоор 45,000 тоннын багтаамжтай бөгөөд дор хаяж 28 онгоц (сөнөөгч болон нисдэг тэрэг) тээвэрлэх хүчин чадалтай байх аж.
Тус улс ийнхүү шийдвэрлэх болсон шалтгаан нь Энэтхэгийн далайд ноёрхохын төлөө өрсөлдөж буй Хятад улс тэнгисийн цэргийн хүчээ идэвхтэйгээр бэхжүүлж байгаатай шууд холбоотой хэмээн шинжээчид үзсэн байна.
Энэтхэг улс одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил нь өнгөрсөн онд дуусгавар болсон 47,400 тоннын багтаамж бүхий “Вигрант” болон Оросын 45,000 тоннын багтаамжтай шинэчилсэн “Викрамадитя” гэх хоёр нисэх онгоц тээгч хөлгийг эзэмшиж байгаа билээ.
Нөгөөтэйгүүр, Хятад улс өнгөрсөн онд барьж дуусгасан “Фүжянь” зэрэг гурван нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой бөгөөд өнгөрөгч 5-р сарын байдлаар 370 орчим шумбагч болон байлдааны хөлөг онгоцтой гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн Энэтхэгийн тал Хятадын эсрэг 2030 он гэхэд 160, 2035 он гэхэд 175 байлдааны хөлөг онгоцтой болох төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: Newsis