Apple: Ойрын 2-3 жилийн дотор iPhone-ын нийт үйлдвэрлэлийн 25 хувийг Энэтхэгээс хангах болно
2023, 12 сарын 11. 10:440

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Apple компани Энэтхэг дэх хөрөнгө оруулалтаа өргөтгөж, ойрын хоёроос гурван жилийн дотор дэлхийн iPhone үйлдвэрлэлийн 25 хувийг тус улсад үйлдвэрлэхээр төлөвлөж буй талаар онцлов.

Тус сонин эх сурвалжаас иш татан, Apple болон түүний ханган нийлүүлэгчид ойрын хоёроос гурван жилийн дотор Энэтхэгт жил бүр 50 сая гаруй iPhone үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд түүнээс хойш ч жил бүр хэдэн арван сая ширхэгээр нь нэмж үйлдвэрлэх зорилтыг тавиад байгаа талаар мэдээлэв.

Хэрэв энэхүү төлөвлөгөө биеллээ олсон тохиолдолд Энэтхэг улс дэлхийн iPhone үйлдвэрлэлийн 25 хувийг бүрдүүлэх бөгөөд 2030 он гарахаас өмнө үүнээс ч өндөр хувийг эзлэх магадлалтай юм. Өнгөрөгч 3-р сарын эцсийн байдлаар Энэтхэгт үйлдвэрлэсэн iPhone утаснууд нийт үйлдвэрлэлийн 7 орчим хувийг эзэлж буй гэх тооцоо бий.

Wall Street Journal сонины мэдээлснээр Энэтхэг улсын хувьд дэд бүтэц сул, хязгаарлалт ихтэй хөдөлмөрийн зохицуулалт түгээмэл байдаг зэргээс хамааран Хятадтай харьцуулахад бизнес эрхлэхэд хүндрэлтэй байдаг гэжээ. Тодруулбал тус улсын хөдөлмөрийн хөлсний хэмжээ Хятадтай харьцуулахад хамаагүй бага боловч тээвэрлэлт хийх зэрэг бусад зардал илүү үнэтэй хэвээр байгаа юм.

Түүнчлэн бизнес эрхлэхэд харьцангуй ээлтэй мужуудад ч үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөтэй байдаг ба хүргэлт ачаалал ихтэй үед 12 цаг ажиллах зөвшөөрөл авахыг хүссэн Apple-ийн ханган нийлүүлэгчдэд одоог хэр нь татгалзсан хариуг өгсөөр байгаа аж.

Гэсэн хэдий ч Apple компани нь Хятадаас өндөр хамаарал бүхий байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа тул энэ мэт асуудлыг үл харгалзан Энэтхэг дэх үйлдвэрлэлээ сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсээр байна. Apple болон түүний ханган нийлүүлэгчид Энэтхэг дэх бизнесийн сууриа тун амжилттай тавьсан нь цаашид үйлдвэрийн байгууламжуудыг өргөтгөх үндэс болж байна хэмээн нийлүүлэлтийн сүлжээний албаны хүмүүс үнэлжээ.

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака хотод баригдаж буй Apple компанийн хамгийн том ханган нийлүүлэгч Тайванийн Foxconn компанийн үйлдвэрийн эхний ээлж ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох ба тус үйлдвэр нь ойрын хоёроос гурван жилийн дотор жилд 20 сая гар утас үйлдвэрлэх зорилгыг тавиад байгаа аж. Тэрчлэн Foxconn өнгөрсөн сарын 27-нд Энэтхэгт дахин 1.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан нь тус улс дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх бодолтой байгаагаа нотолсон хэрэг болсон юм.

Foxconn компанийн тэргүүн Лю Янвэй сүүлийн жил хагасын хугацаанд Энэтхэгт дор хаяж гурван удаа айлчилж, ерөнхий сайд Нарендра Моди болон бусад албаны хүмүүстэй уулзсан билээ.

Өмнө зүгт байрлах Ченнай хотын ойролцоох Foxconn үйлдвэр болон Энэтхэгийн хамгийн том компаниудын нэг Татагийн саяхан өөртөө нэгтгэсэн өөр нэгэн үйлдвэр үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа зэргийг харгалзан үзвэл Apple компани ойрын хоёроос гурван жилийн дотор Энэтхэгт жилд дор хаяж 50-60 сая iPhone үйлдвэрлэх хүчин чадалтай болно.

Bloomberg News агентлаг 8-ны өдөр эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Энэтхэг дэх өөрийн үйлдвэрлэлийн баазыг өргөжүүлэх Apple-ийн бодлогыг далимдуулан Тата компани нь тус улсын хамгийн том iPhone угсрах үйлдвэрүүдийн нэгийг барихаар төлөвлөж байгаа талаар онцлов. Тата компани Өмнөд Тамил Наду мужийн Хосур хотод уг үйлдвэрээ байгуулах магадлалтай хэмээн Bloomberg агентлаг энэ үеэр нэмж дурдсан байна. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд дараагийн 20 жилийн дотор уг үйлдвэр 20 орчим угсрах шугамтай болж, 50 мянган хүнийг ажлын байраар хангах аж.

Мөн Apple компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээ бүрэлдэн тогтох явц ч тун амжилттай хэрэгжсээр байна. Тухайлбал Японы батареы үйлдвэрлэгч TDK компани Харьяна мужид шинэ батарейны үйлдвэр байгуулахаар болсон талаар Энэтхэгийн албаны хүмүүс мөн энэ долоо хоногт мэдэгдсэн билээ.

Зах зээлийн судалгааны Counterpoint фирмийн мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 220 сая гаруй ширхэг iPhone нийлүүлэгдсэн бөгөөд ойрын хэдэн жилийн хугацаанд энэхүү үзүүлэлт тогтвортой байна гэв.

Бараг бүхий л iPhone-ыг Хятад болон Энэтхэгт үйлдвэрлэдэг гэж тооцвол Хятад улс нь iPhone үйлдвэрлэлийн талаас илүү хувийг цаашид ч эзэлсээр байх нь маргашгүй үнэн юм.

Тиймээс ч Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк энэ онд Хятадад хоёр удаа айлчлах үеэрээ тус компанийн үйлдвэрлэлийн гол төв төдийгүй хэрэглээний зах зээлийн “зүрх нь болсон” газар гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Түүнчлэн Foxconn-ийн ТУЗ-ийн дарга Лю өнгөрсөн сард хэлэхдээ, тус компанийн ирэх оны хөрөнгө оруулалтын хамгийн том хэсэг Хятад улс руу чиглэсэн байх болно гэдгийг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01