АНУ-ын холбооны засгийн газрын өр анх удаа 34 их наяд ам.долларыг давжээ
1 сарын 3. 9:280

АНУ-ын холбооны засгийн газрын өр нэмэгдсээр, анх удаагаа 34 их наяд ам.долларыг давжээ. Энэ нь тус улсын төсөвт “улаан гэрэл” асаад буйгаас өөрцгүй юм.

АНУ-ын Сангийн яамны орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, 2023 оны эхээр 31.4 их наяд ам.доллар байсан АНУ-ын холбооны засгийн газрын өр мөн оны есдүгээр сарын сүүлчээр 33 их наяд ам.долларыг давсан бол 12-р сарын сүүлчээр 34 их наяд гаруй ам.доллар болж нэмэгдсэн болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл тус улсын засгийн газрын өр сүүлийн нэг жилд 2.6 их наяд ам.доллароор, сүүлийн гурван сарын хугацаанд нэг их наяд ам.доллароор огцом нэмэгдээд байгаа юм.

Түүнчлэн энэ нь 27 их наяд ам.доллароор хэмжигдэж буй АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) ойролцоогоор 1.2 дахин их буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд буйг онцлох хэрэгтэй. Гэтэл Дэлхийн II дайны дараахан АНУ-ын засгийн газрын өр ДНБ-ээс 1.1 дахин их байсан юм.

АНУ-ын засгийн газрын өр хурдацтай өссөн шалтгаан нь Холбооны нөөцийн сан мөнгөний хатуу бодлого баримталж засгийн газрын зээлийн зардал нэмэгдсэнтэй шууд холбоотой. Зээлийн хүү асар хурдацтай нэмэгдэхийн хэрээр тус улсын засгийн газар нэмэлт бонд гаргахаас аргагүйд хүрсэн байна. Тэрчлэн АНУ-ын засгийн газрын төсвийн зарлага цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэсэн ч эдийн засгийн уналтын улмаас татварын орлого буурч, санхүүгийн байдал цаашид улам дордох төлөвтэй байгаа юм.

Трампын засаг захиргааны үед их хэмжээний татварыг бууруулсан бол Байдены засаг захиргаа цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор засгийн газрын зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь засгийн газрын өр өсөхөд ихээхэн нөлөөлсөн аж.

Тэрчлэн зээлжих зэрэглэл тогтоодог Moody's агентлаг АНУ-ын засгийн газрын өрийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын зээлжих зэрэглэлийн төлөв "тогтвортой" байсныг “сөрөг" болгон бууруулсан юм.

АНУ-ын засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрээд буй нь Конгрессоос 2024 оны санхүүгийн жилийн төсвийг хэлэлцэх үед ч олонтоо хөндөгдсөн билээ.

Байдены засаг захиргаа Украин, Израилийн аюулгүй байдлын дэмжлэгийг багтаасан төсвийг батлуулахаар оруулж ирсэн ч Бүгд найрамдахчууд төсвийн зардлыг бууруулах ёстой гэж эсэргүүцсээр байгаа юм.

Үүний улмаас Конгресс 2024 оны төсвийг зөвшилцөж чадалгүй өнгөрсөн оны ес, арваннэгдүгээр сард хоёр ч удаа хойшлуулсан бөгөөд түр төсөв батлан цаг хугацаа хожиж байгаа билээ. Тухайн үед баталсан түр төсөвд тусгаснаар ахмад дайчид, зам тээвэр, хөдөө аж ахуй, орон сууц, эрчим хүч зэрэгтэй холбоотой засгийн газрын санхүүжилтийг нэгдүгээр сарын 19 хүртэл, Үндэсний батлан ​​хамгаалах яам, Төрийн департаментаас олгох хөтөлбөрийн санхүүжилтийг хоёрдугаар сарын 2 хүртэл сунгаад байгаа аж. Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам төсөвтэй холбоотой санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадахгүй бол 1-р сард холбооны засгийн газар шатдауны эрсдэлтэй тулгарч магадгүй болоод байна. Хэрэв шатдаун болсон тохиолдолд АНУ-ын засгийн газар цэргийн алба хаагчдаас эхлээд төрийн алба хаагч, тохижилт үйлчилгээний ажилчид зэрэг олон зуун мянган төсвийн ажилчдын цалинг олгож чадахгүйд хүрэх юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35