Японыг зорих гадаадын жуулчдын тоо зургаа дахин нэмэгджээ
1 сарын 18. 16:130

Японд COVID-19 халдвартай холбоотой зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсыг зорих гадаадын жуулчдын тоо 2023 онд өмнөх оныхоос зургаа дахин нэмэгдэж, 25.07 саяд хүрсний сацуу иений ханш суларснаар жуулчдын зардал 5.29 их наяд иен /36 тэрбум ам.доллар/ буюу түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснийг тус улсын засгийн газраас лхагва гарагт гаргасан тайлан мэдээлэл харууллаа.

Гадаадын жуулчдын зардлын мэдээллийг 2010 оноос эмхэтгэж эхэлснээс хойш энэ үзүүлэлт анх удаа 5 их наяд иений босгыг давснаар коронавирусний цар тахлын дараах эрин үед аялал жуулчлалын салбарыг сэргээх хүчин чармайлтын хүрээнд Японы Засгийн газрын тавьсан зорилтод хүрчээ. Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр, өнгөрсөн онд нийт 25 066 100 жуулчин ирсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоосс 21.4 хувиар бага үзүүлэлт бөгөөд тухайн онд 31.88 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байв.

Гадаадын жуулчдыг улсаар нь авч үзвэл, Өмнөд Солонгосоос хамгийн олон буюу 6.96 сая жуулчин ирсэн нь 2022 оныхоос зургаа дахин өссөн үзүүлэлт болсон бол Тайваниас 4.20 сая, Хятадаас 2.43 сая, Хонконгоос 2.11 сая жуулчин ирсэн байна. Хятадаас ирсэн жуулчдын тоо 2019 онд 9.59 сая байсантай харьцуулахад нэлээд доогуур байсан нь Бээжин зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг бусад оронтой харьцуулахад хожуу сулруулж, хоёр улсын хооронд үйлдэх нислэгийн тоо төдийлөн нэмэгдээгүйтэй холбоотой бололтой. Харин АНУ-ын жуулчдын тоо 2.05 саяд хүрсэн нь 2022 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн байна.

Японы Аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, Тайванийн жуулчид хамгийн их буюу 778.6 тэрбум иен зарцуулсан нь жуулчдын нийт зардлын 14.7 хувийг эзэлсэн бол Хятадын жуулчид 759.9 тэрбум иен, Өмнөд Солонгосын жуулчид 744.4 тэрбум иен тус тус зарцуулжээ. Нийт зардлын хамгийн их буюу 34.6 хувийг /1.8 их наяд иен/ орон сууцны зардал эзэлж, үүний араас дэлгүүр хоршоо /1.4 их наяд иен/, хоол хүнсний зардал /1.2 их наяд иен/ бичигдсэн байна.

“Цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад жуулчид байгаль, соёлтой танилцаж, хоол хүнсийг амтлан мэдрэхийн тулд илүү удаан хугацаагаар аялах болсон” гэж Аялал жуулчлалын агентлагийн комиссар Ичиро Такахаши хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Японоор аялахдаа жуулчдын зарцуулсан дундаж зардлыг тооцоход ойролцоогоор 212 мянган иен байсан бөгөөд испаничууд хамгийн их буюу 342 мянган иен зарцуулсан бол австраличууд, италичууд удаалсан байна. Азиудын дундаас хятадууд ойролцоогоор 320 мянган иен зарцуулжээ.

Жуулчдын зардал түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь таатай мэдээ боловч Япон улс татваргүй худалдааны тогтолцоог ашиглаж буй жуулчидтай холбоотой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Үүнд ийм барааг тус улсаас гарахаасаа өмнө зарж борлуулан ашиг олдог хүмүүс багтаж байна. Одоогоор Японд зургаан сараас бага хугацаагаар байх жуулчид хэрэглээний татварыг хассан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм. Гэвч зарим гадаадын иргэн хилээр гарахдаа тэдгээр эд зүйлээ эзэмшихээ больсон байсан тохиолдлууд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар татвараас чөлөөлөгдөх тогтолцоог шинэчилж, жуулчид татвар багтсан үнэ төлж, худалдан авсан бараагаа Японоос явах үедээ баталгаажуулсны дараа буцаан олголт авах хүсэлт гаргах асуудлыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн 12 дугаар сард л гэхэд Японд ирсэн жуулчдын тоо 2.73 саяд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэнээр тухайн сарын түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. 2023 оны дөрөвдүгээр сард Япон улс коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан арга хэмжээнүүдээ цуцалсан нь тус улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлж, жуулчдын сарын тоон үзүүлэлт 10 дугаар сард анх удаа цар тахлын өмнөх түвшнийг давсан байна. Үүний зэрэгцээ 2023 онд гадаадад аялсан япончуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, 9.62 сая болсон боловч 2019 оныхтой харьцуулахад тал хувьтай нь тэнцсэн байна.

Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35