Ford компани шинэ цахилгаан автомашинуудынхаа масс үйлдвэрлэлийг хойшлуулахаар болжээ
4 сарын 5. 4:290

АНУ-ын Ford Motor компани Канадын Онтарио мужийн Оаквилл дахь үйлдвэрт үйлдвэрлэх том оврын SUV ангиллын цахилгаан автомашин төдийгүй Хойд Америкийн зах зээлд гаргахаар төлөвлөж байсан зарим цахилгаан автомашины масс үйлдвэрлэлийг анх төлөвлөж байснаасаа нэгээс хоёр жилээр хойшлуулахаар шийджээ.

Ford Motor компанийн зүгээс орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдэгдсэнээр Канадын Онтарио мужийн Оаквилл дахь үйлдвэртээ 2025 оноос массаар үйлдвэрлэхээр төлөвлөж байсан SUV ангиллын цахилгаан автомашины нээлтийг төлөвлөж байсан хугацаанаасаа хоёр жилээр хойшлуулж 2027 онд хийх шийдвэр гаргасныг онцолжээ.

"Энэ хугацаанд том оврын SUV ангиллын цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэхээс гадна батарейны шинэ технологийг ашиглах боломж бүрдэнэ хэмээн найдаж байна. Ингэснээр хэрэглэгчид ч илүү удаан эдэлгээ болон илүү үнэ цэнийг мэдрэх болно” хэмээн Ford Motor компани мэдэгдэлдээ дурдсан байна.

Тус компани өнгөрсөн онд дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины угсрах үйлдвэр болох Оквиллийн үйлдвэрийг цахилгаан автомашин үйлдвэрлэх цогцолбор болгон бүрэн шинэчлэн зохион байгуулахын тулд 1.8 тэрбум канад долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байсан билээ.
Гэхдээ масс үйлдвэрлэлийн хугацааг хойшлуулж байгаагаас үл хамааран Оаквиллийн үйлдвэрийг цахилгаан автомашин үйлдвэрлэлийн цогцолбор болгон шинэчлэн зохион байгуулах энэхүү ажлыг төлөвлөгөөний дагуу буюу энэ оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мөн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Ford Motor компани АНУ-ын Теннесси мужид баригдаж буй шинэ үйлдвэртээ 2025 оноос эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөж байсан пикап ангиллын шинэ цахилгаан автомашиныхаа нээлтийг 2026 он хүртэл буюу нэг жилээр хойшлуулахаа мэдэгдэв.

Тус компанийн Санхүү хариуцсан захирал Жон Лоулер өнгөрсөн жилийн тайландаа компаниудын үнээ бууруулах өрсөлдөөнөөс болж цахилгаан автомашин болон батарейны үйлдвэрүүдэд хийх зарим хөрөнгө оруулалт хойшлогдож магадгүй хэмээн анхааруулж байсан удаатай.

Ford Motor компани цахилгаан автомашинд шилжих хурдаа ийнхүү бага зэрэг хойшлуулах шийдвэр гаргасан явдал нь цахилгаан автомашины зах зээлийн эрчимтэй өсөлт удааширч байна гэх дүгнэлтийг шинжээчид хийж буйтай холбоотой.

Тодруулбал олон улсын зах зээлийн цахилгаан автомашинд шилжих хурд анх төсөөлж байснаас харьцангуй удааширч байна хэмээн Уолл Стритийн шинжээчид таамагласан юм.

Тухайлбал цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлж буй Теsla компанийн хувьд энэ оны эхний улирлын нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Ford Motor-ын шинэ цахилгаан SUV болон пикап автомашины үйлдвэрлэлийн төлөвлөгөө хойшлогдсон нь олон улсын батарейны зах зээлд ч нөлөөлөх магадлалтай юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18