Газа руу тусламж нэвтрүүлэх гурван гарцыг нээнэ
4 сарын 5. 14:350

Газын зурвас руу өмнөхөөс илүү хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийн тулд гурван гарц нээхийг Израилын тал зөвшөөрчээ.

Тодруулбал, Газын хойд хэсэг дэх Эрез гарцыг дайн эхэлснээс хойш анх удаа түр хугацаагаар нээхээр шийдвэрлэжээ. Мөн Ашдод боомтыг нээхээс гадна Йорданаас ирэх тусламжийг Керем-Шалом боомтоор нэвтрүүлэх ажээ.

Газын зурваст хүмүүнлэгийн байгууллагын долоон ажилтан амь үрэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анх удаа Израилын Ерөнхий сайдтай ярилцсан бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Ж.Байден утсаар ярих үеэрээ Израил улс АНУ-ын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахыг хүсвэл энгийн иргэд аюулд өртөхөөс, хүмүүнлэгийн хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдгийг анхааруулсныг холбогдох мэдэгдэлд дурдсан байна.

Даваа гарагт Израилын талаас Газын зурваст өгсөн цохилтын үеэр хүнсний тусламжийн “World Central Kitchen” байгууллагад ажилладаг долоон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан юм. Тэдний сууж явсан цуваа Дейр Эль-Балах хот дахь агуулахад 100 гаруй тонн хүнсийг буулгасны дараа Израилын талын тогтоож өгсөн тусламжийн замаар өмнө зүгт явж байхдаа агаарын цохилтод өртжээ. Машинууд хоорондоо 2.5 км зайтай явж байсан бөгөөд гурван машин бүгд цохилтод өртсөн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “гэмгүй энгийн иргэд болон тусламжийн ажилтнуудын аюулгүй байдлыг” хамгаалах талаар Израилын хийж буй алхмуудаас АНУ-ын бодлого хамаарна" гэдгийг дурдсан байна. Пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, хэрэв Израил ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол АНУ-ын бодлогод өөрчлөлт орно гэжээ.

Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн өнгөрсөн 11 дүгээр сард Израилын хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ, Израил, Газын хооронд дахин нэмж гарц нээхгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин одоо Израилын хойд хилийн Эрез боомтыг нээх нь чухал ач холбогдолтой болоод байна. Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагаатай холбоотойгоор Б.Нетаньяху олон улсын зүгээс болон дотооддоо хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Израилын хүнд сурталтай шалгалтуудыг давсны дараа Газа руу нэвтэрдэг тул тусламж ачсан ачааны машины урт цуваа Рафахтай хиллэдэг Египетийн нутагт хэдэн сарын турш зогсож байна. Улмаар хүмүүнлэгийн тусламж хангалтгүй байгаа нь Йордан, АНУ, Их Британи улсууд агаараас тусламж буулгахад хүргэсэн юм. Гэвч палестинчууд шүхэртэй ачааг авах болон далайд унасан тусламжийг авахаар сэлж байхдаа живж амиа алдсан тохиолдлууд гарсан байна.

Саяхан НҮБ-ын тайланд Газа дахь хүмүүнлэгийн гамшиг нь өлсгөлөн болж буйг нотолсон баримтуудыг дэлгэн харуулжээ. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн хамгийн өндөр албан тушаалтан Фолькер Тюрк саяхан BBC-д ярилцлага өгөхдөө, Израилын тал өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байна гэж “үзэж болохуйц” тохиолдлууд гарсныг эш татан дурджээ. АНУ-аас санхүүждэг Тусламжийн ажилтны аюулгүй байдлын мэдээллийн сангийн мэдээллийг үзвэл, өнгөрсөн 10 дугаар сараас хойш Газын зурваст 196 тусламжийн ажилтан амиа алдсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35