Оросын олигархууд: Украин гаралтай Орос тэрбумтан Михаил Фридман ба хоригт орсон бизнесменүүд
2022, 9 сарын 8. 12:251

Өнгөрсөн хавар ОХУ Украин руу халдах үед Оросын тэрбумтан, олигарх Михаил Фридман АНУ-аас Киевт сууж асан ахлах төлөөлөгч Кристина Квиен рүү утас цохиж нэг санал тавьжээ. Тэрбээр өөрийн хөрөнгийн тодорхой хувийг дайнаас үүдэлтэй хохирлыг бууруулахад зориулан Украинд хандивлах санал хэлэв.

АНУ уг саналын хариуд түүнийг олигархуудын эсрэг тавьж буй барууныхны хоригт өртүүлэхгүй байхад тусална гэж хүссэн ёсоор нь хэлсэн боловч басхүү орос олигархуудыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг босгохыг хичээж байлаа. Ярианы эцэст Фридман бухимдан Квиен рүү хашхирч, харааж зүхэж эхэлсэн бөгөөд Путинд нөлөөлөх тийм их хүч түүнд байхгүй гэдгээ илэрхийлж байжээ. Харин Квиен ямар ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэн утсаа тасалсан бөгөөд Фридман сүүлд уучлалт хүссэн мессеж илгээсэн боловч огт хариу аваагүй аж.

Михаил Маратович Фридман бол Украинд төрж өссөн боловч Орос болон Израилын иргэншилтэй, өөрийн хөрөнгө болох 13 тэрбум ам.долларын ихэнх хувийг Орост бизнес эрхэлж олсон эрхэм юм.

Энэхүү үйл явдлын ойрын гэрч болон Financial Times сэтгүүлд мэдээлэл өгсөн гурван эх сурвалжийн нэг нь “Фридман төрөлх Украиндаа хайртай гэж ярьж байсан. Гэвч их удалгүй сэтгэл хөдлөлдөө автаж уурлаж эхэлсэн. Та нар миний бүх мөнгийг үгүй хийхийг хүсэж байна гэж хэлсэн” хэмээн өгүүлэв. Мэдээж, Фридман Квиентэй ярилцсанаа эрс үгүйсгэж байгаа. Тэрбээр хоригт орохоос зайлсхийхийн тулд АНУ-ыг лоббидож, мөн Украинд туслах санал тавиагүй хэмээн бүгдийг үгүйсгэсэн юм.

Путин Украин руу халдсанаас хойш түүнтэй адил хүнд байдалд орсон, Оросын олон 10 бизнес магнат бий. Тэдний баруун дахь данс царцсан. Барууны компаниудад эзэмшдэг хувьцаанаасаа татгалзахаас өөр аргагүйд хүрч, Газар дундын тэнгис орчмын гоёмсог барилга, харшуудаа алдсан билээ. Тэд баялгийнхаа үлдсэн хэсгийг авч үлдэхийн төлөө төрөл бүрийн арга зам эрэлхийлсээр байна.

Хоригт орсон, Оросын долоон бизнес магнат болон удирдах албаны банкир, захирлуудтай ярилцаж үзэхэд нэг дүр зураг тодорхой болсон юм. Тэд Путинд уурлаж, дайныг эсэргүүцсэн байр суурьтай байлаа. Тэрчлэн нөлөөлж чадахгүй зүйлд нь буруутган золионд гаргасан хэмээн үзэж барууныханд бүр их уурсан байв. “Хааныг суудлаас нь буулгахын тулд эхлээд ордонд орох хэрэгтэй. Бидний хэн ч ордонд орж чадахгүй” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн орос бизнесмен хэлсэн юм.

Оросын 21 бизнесмен хамтран тэдний эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлуулах зорилгоор Европын холбоог шүүхэд өгчээ. Тус мэдээллийг Люксембург дахь Европын шүүх баталсан юм. Гэхдээ тэдгээр олигарх баруун дахь хөрөнгөө эргүүлэн авахад дан ганц хуулийн арга хэмжээ хангалтгүй байх магадлалтайг хүлээн зөвшөөрч байгаа юм. Хэдий тийм боловч олонх нь хориг арга хэмжээг эцсээ хүртэл эсэргүүцэхээр төлөвлөжээ.

Шүүхдэлцэх тухайд Фридман ба түүний бизнес түнш Пётр Олегович Авен нар хамгийн ширүүн түүхтэй. Тэд Лондон хотоос эхлэн Сибирийн нефтийн орд газрууд хүртэлх олон асуудлаар шүүх танхимд хурц маргаан өрнүүлдгээрээ алдартай болсон.

Тэгэхээс ч аргагүй. Тэд дайнаас өмнө баруунд байр сууриа тогтоохын тулд их зүйл хийж байсан юм. Фридман, Авен нар Оросын газрын тос, банк санхүү, жижиглэн худалдаа, харилцаа холбооны салбараас олсон хөрөнгөөрөө Лондонд 2013 онд LetterOne хэмээх хувийн хөрөнгө оруулалтын компани байгуулжээ. Тэрхүү компаниараа дамжуулан Их Британийн Holland & Barrett хүнсний жижиглэн худалдааны компани, Германы Wintershall Dea эрчим хүчний компани, Испанийн Dia хүнсний сүлжээ компанид хөрөнгө оруулсан юм. Ийнхүү дайнаас өмнө Европт бизнесийн шинэ эзэнт гүрэн байгуулж байв.

Фридман Лондонд 65 сая паундаар үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бөгөөд Их Британийн иргэншил авах хүсэлт гаргахаар төлөвлөж байжээ. Харин Авен баруунд эзэмшдэг хоёр харшдаа 300 сая паундын үнэлгээтэй орчин үеийн уран зургийн цуглуулгаа хадгалдаг юм. Тэд Лондонд байр сууриа бэхжүүлснээр Оросын зах зээлээс тэлж дэлхийд гарах алхам болно гэж үзжээ.

Харамсалтай нь дайн, хориг эхэлсэн. Тэдний хамтрагч Алексей Кузьмичев гуравдугаар сард Швейцарт цанаар гулгаж байх үед Европын холбоо түүнийг хоригт оруулчихжээ. Улмаар тэрбээр Франц дахь гэр бүлдээ очиж чадахгүй, Орос руу буцах хүсэлгүй тул тэндээ гацаж үлдсэн аж.

Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг хориг тавихаас өмнө Авены гэрт гэнэтийн нэгжлэг хийж, нэг сард 2,500 паундаас илүү мөнгө хэрэглэхийг хориглож, АНУ-ын Хууль зүйн яамнаас “Путинээс нууц даалгавар авдаг байж болзошгүй 50 олигархын нэг” хэмээн зарласан. Путин түүнд "далд заавар" өгч байгаагүй хэмээн Авен эрс үгүйсгэж байгаа юм.

Өдгөө Фридман, Авен нар LetterOne хөрөнгө оруулалтын компанийнхаа удирдах зөвлөлөөс огцорсон бөгөөд компаниа хамгаалахын тулд бүх эрх мэдлээсээ татгалзжээ. “Бидний 30 жилийн хөдөлмөр, бүтээсэн бүхэн сүйрсэн. Одоо бид бүхнийг шинээр эхлүүлэх ёстой боллоо” хэмээн Авен хэллээ.

Оросын олигархууд, тэдний бизнесийн тухай дараачийн нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарж манай FB хуудсанд нэгдээрэй.


Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
2
2
5
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.93.133
   /
2022, 9 сарын 8. 14:34

Хохь нь

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47