Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын 3-р улирлын тайлан эхнээсээ гарч эхэлжээ
2022, 10 сарын 26. 14:570

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors (GM) компани дэлхий даяар аж үйлдвэрлэлийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед зах зээлийн хүлээлтээс давсан орлого олсон тухайгаа тайлагнажээ. Зээлийн хүү болон инфляцын өсөлтийн улмаас олон улсын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт массаараа багасч байгаа ч дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн өнгөрөгч 3-р улирлын ашиг орлогын хэмжээ хүлээлтээс давах төлөвтэй байна.

Тус компани орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдэгдэхдээ өнгөрөгч 3-р улирлын цэвэр ашиг 3.35 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36.6 хувиар өссөн болохыг онцлов. Нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.25 ам.долларт хүрсэн нь санхүүгийн мэдээллийн FactSet компанийн гаргасан 1.88 ам.долларын зах зээлийн тооцооллоос хамаагүй давжээ. Борлуулалтын хэмжээ 41.889 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 56.4 хувиар өссөн байна.

Хагас дамжуулагчийн хомсдол бага багаар шийдэгдсэнээр өндөр ашиг бүхий том оврын ачааны машин, спорт тээврийн хэрэгсэл (SUV) үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулсан нь ашгийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа аж.

General Motors-оор тогтохгүй дэлхийн автомашины үйлдвэрлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байсан хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээний асуудал өнгөрсөн жилээс эхлэн шийдэгдсээр байгаа билээ. Wars Intelligence судалгааны фирмийн тооцоолсноор GM-ийн Хойд Америк дахь автомашины үйлдвэрлэл өнгөрөгч 3-р улиралд хагас дамжуулагчийн хомсдол дээд цэгтээ хүрсэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсч, 651,000 ширхэг болсон гэв.

Харин 2-р улирлын цэвэр ашиг хагас дамжуулагчийн хомсдолоос болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC-д өгсөн ярилцлагадаа "Хагас дамжуулагчийн хангамжийн хомсдол харьцангуй сайжирч байгаа ч нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа тул нийлүүлэлтийн хомсдолоос бүрэн ангижирч чадсан хэмээн хэлэхэд эрт байна” гэж цохон тэмдэглэсэн байна.

Хүлээлтээс давсан ашиг тайлагнасны ачаар АНУ-ын NASDAQ биржид бүртгэлтэй GM-ийн хувьцаа мөн өдөр 3.61 хувиар өсчээ. Нийлүүлэлтийн хомсдол, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг үйлдвэрлэлд тулгарч буй сөрөг хүчин зүйлс нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд муугаар нөлөөлж GM-ийн хувьцаа энэ жил бараг 40 хувиар унаад байсан билээ.

Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд дундаас хамгийн түрүүнд буюу өнгөрөгч 19-ний өдөр 3-р улирлын цэвэр ашгийн хэмжээгээ тайлагнасан Tesla компанийн 3.3 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеэс (1.62 тэрбум доллар) 103 хувиар өссөн байна.

Борлуулалтын хэмжээ бүх цаг үеийн дээд амжилт буюу 21,45 тэрбум ам.долларт хүрсэн ч зах зээлийн хүлээлтэд (21,96 тэрбум ам.доллар) хүрээгүй юм. Тус компани цаашид жил бүр нийлүүлдэг автомашиныхаа тоог 50 хувиар нэмэгдүүлэхээ амлаад байгаа билээ. Улирал бүр зах зээлийн хүлээлтээс давсан тайланг зарладаг Тesla компани энэ удаад хүлээлтэд хүрээгүй шалтгааныг үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гацаа болон ам.долларын ханшийн нөлөөлөлтэй холбон тайлбарлажээ.

Ford болон Германы Mercedes-Benz (26-нд), Volkswagen (28-нд) компаниуд мөн энэ долоо хоногт 3-р улирлын ашгаа зарлах болно. Volkswagen компанийн хувьд өнгөрөгч 14-ний өдөр Энэтхэг дэх орлогынхоо талаар мэдээлэхдээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал багассантай холбоотойгоор 3-р улиралд нийлүүлсэн эцсийн бүтээгдэхүүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар өссөн гэж урьдчилан мэдэгдсэн байна. Харин Германы Mercedes-Benz-ийн 3Q автомашины нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 20 хувиар, BMW-ийн өнгөрсөн 9-р сарын нийлүүлэлт 6.6 хувиар тус тус өсөөд байгаа аж.

Харин гадаадын хэвлэлүүд ийнхүү эрэлт нэмэгдэж байгааг энэ оны эхний хагаст Украины дайнаас үүдэлтэй хангамжийн хомсдол эрчимжсэний дээр Хятад дахь хатуу хөл хорионы улмаас түр хугацаанд хаалга барихдаа тулаад байсан автомашин үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа эрчимтэй сэргэж байгаатай холбон тайлбарлав.

FactSet судалгааны хүрээлэнгийн таамаглаж буйгаар энэ оны гуравдугаар улиралд Volkswagen-ийн борлуулалт 70.36 тэрбум еврод хүрнэ гэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (56,93 тэрбум евро) 23 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Цэвэр ашиг нь 3,51 тэрбум евро байх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй (2,9 тэрбум евро) харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт аж.

Volkswagen 3-р улирлын орлогодоо Украины дайны улмаас хаагдсан Москвагийн баруун өмнөд хэсэгт байрлах Калуга дахь үйлдвэрт учирсан хохирлыг (ойролцоогоор 300-400 сая евро) тусгах төлөвтэй байна. Өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр Украинд дайн дэгдсэнээс хойш эд анги, сэлбэг хэрэгслийн эрэлт, нийлүүлэлтийн хүндрэлээс болж 3-р сард үйлдвэрлэлээ зогсоохоос аргагүйд хүрсэн юм.

Зээлийн хүүгийн өсөлтөөс үүдэн эдийн засаг удааширч, хэрэглэгчдийн сэтгэл зүй муудаж байгаатай холбогдуулан орлогын өсөлт 4 улиралд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын хөрөнгө оруулалтын Bernstein банкны зүгээс гаргасан тайланд "цаашид энэ салбарын аж ахуй нэгжүүд нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, эрчим хүчний зардлын өсөлт, хөдөлмөрийн хөлсний зардал нэмэгдэх зэрэг хүндрэлүүдээс хаашаа ч зайлах аргагүй болно. Эдгээр асуудлууд нь дөрөвдүгээр улирлын орлогод сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21