Владимир Путин: Хэрэв Польшийн тал Беларусь руу довтолсон тохиолдолд бүхий л арга замаар хариуг нь барина
2023, 7 сарын 24. 3:070

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ Польш улс Беларусь руу ямарваа нэгэн дайралт хийсэн тохиолдолд “бүхий л арга замаар хариу өгөх болно" гэж анхаарууллаа. Хэрэв Беларусь руу Польш дайрвал ОХУ шууд мөргөлдөөн өдүүлэх болно гэдгээ үүгээрээ хэлж буй бололтой. Түүний хэлсэн үг Польш, Беларусийн хоорондын хурцадмал байдлыг улам бүр гүнзгийрүүлэхийн сацуу НАТО болон ОХУ-ын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй нөхцөл байдлыг нэмэгдүүлээд байна. Энэ үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко орон нутгийн цагаар 23-ны өдөр Орост ерөнхийлөгч Путинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Ройтерс болон Bloomberg News агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгч Путин 21-ний өдөр болсон үндэсний аюулгүй байдлын ээлжит хурал дээр "Беларусь бол ОХУ-ын нэг хэсэг. Беларусь руу түрэмгийлэх нь Оросын эсрэг түрэмгийлэл бөгөөд бид бүх боломжит арга хэрэгслээр хариу арга хэмжээ авах болно" гэжээ.

Тэрээр Польш-Беларусийн хил дээр цэргийн хурцадмал байдал гүнзгийрч буй энэ үед ийнхүү хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Польш улсын хувьд Беларусь болон Беларусьт байрлаж байгаа Оросын Вагнер группын хөлсний цэргүүд рүү довтлоход бэлтгэж, хилийн бүсэд хоёр ч бригад цэрэг байршуулах зэргээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа мэдэгдсэн юм. Польш, Беларусь улсууд нь хоёулаа Украинтай хиллэдэг. Гэсэн хэдий ч Польш нь НАТО-гийн гишүүн бөгөөд Украины хамгийн том холбоотон бол Беларусь улс нь Оросын талыг баримтлагч улс бөгөөд ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрт байршуулсан юм.

Түүнчлэн Путин Польш улс Украин болон Беларусийн нутаг дэвсгэрийг эзлэхийг оролдож байна хэмээн мэдэгдээд авав. “Польш улс Литва, Украинтай хамтарсан хүчин байгуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Тэдний зорилго бол баруун Украины аюулгүй байдлыг хангах явдал боловч үнэн хэрэгтээ энэ нь тухайн нутаг дэвсгэрийг дараа нь эзлэх зорилготой” хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Үргэлжлүүлэн “Польш Беларусийн газар нутгийг өөрийн болгохыг мөрөөдөж байна” хэмээн өгүүлэв.

Путин “Польш баруун нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг Иосиф Сталинаас (Дэлхийн 2-р дайны үеийн ЗХУ-ын удирдагч асан) өгсөн бэлэг гэдгийг мартаж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин Польш улс ОХУ-ын элчин сайдыг дуудаж “түүхийг гуйвуулсан худал мэдэгдэл хийлээ” хэмээн шүүмжилсэн байна.

Польш, Орос, Беларусийн хурцадмал байдал гүнзгийрч байгаа энэ үед НАТО болон ОХУ-ын хооронд шууд мөргөлдөөн үүсэх магадлал нэмэгдэж байна гэх болгоомжлол үүсээд байгаа билээ.

CNN агентлагийн мэдээлснээр Польш улс зүүн хил рүүгээ нэмэлт цэрэг оруулахаа анхааруулсан байна. Беларусийн арми болон Вагнерын хөлсний цэргүүд Польшийн хилийн ойролцоо хамтарсан сургуулилт хийснээр аюул заналхийлэл улам нэмэгдсэн гэж дүгнэж болох юм. Украины засгийн газар 22-ны өдөр "Одоогийн байдлаар Беларусь улсад Вагнерын 5000 орчим хөлсний цэрэг байрлаж байгаа байж магадгүй" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө буюу 21-ний өдөр Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус хэлэхдээ, "Герман болон НАТО зүүн хилээ хамгаалахад Польш улсад туслахад бэлэн байна" гэв.

Оросын Вагнер группын хөлсний цэргүүд өнгөрсөн сарын 24-ний өдөр Евгений Пригожиноор ахлуулан зэвсэгт бослого гаргаcан хэдий ч тухайн өдөртөө тарж цэргийн баазаа Беларусь руу шилжүүлсэн билээ.

Харин Кремлийн ордны зүгээс 23-ны өдөр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Лукашенко ерөнхийлөгч Путинтэй дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцэнэ" гэв. Ройтерс агентлаг "Путин Лукашенког Украины дайнд оролцуулах тал дээр шахаж байж магадгүй” хэмээн таамагласан юм.

Энэ үеэр АНУ-ын тагнуулын албаныхан "Беларусь улсад тактикийн цөмийн зэвсэг байрлуулсан" гэсэн ерөнхийлөгч Путины мэдэгдлийг бодитой хэмээн дүгнэсэн талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тодруулбал 21-ний өдөр Пентагоны дэргэдэх Батлан ​​хамгаалахын тагнуулын газрын өндөр албан тушаалтнууд Путины мэдэгдэлд "эргэлзэх шалтгаан байхгүй" гэж CNN агентлаг мэдээлжээ.

Эргэн сануулахад Путин өнгөрсөн сард “Оросын цөмийн цэнэгт хошууг Беларусийн нутаг дэвсгэрт байршуулсан” гэж мэдэгдсэн билээ. Гэвч АНУ-ын эрх баригчид ийнхүү дүгнэх болсон шалтгааныхаа талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэмээн хэвлэлүүд онцолсон юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01