ОХУ: Хятад, Энэтхэг, Өмнөд Африк Бразил улсуудад сансар судлалын салбарт хамтран ажиллах саналыг тавьжээ
2023, 7 сарын 28. 3:270

ОХУ-ын засгийн газар “БРИКС”-ийн гэгддэг Бразил, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй эдийн засагтай таван оронтой хамтран сансрын станц байгуулах талаар авч үзэж буй бололтой. Украины дайнаас хойш уг салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн хангалттай бус байгаа явдлыг “БРИКС”-ийн орнуудтай хамтран ажиллах замаар нөхөж хуучин ЗХУ-ын үеэс сансар судлалын хүчирхэг гүрэн гэх нэрээ хамгаалж үлдэх зорилго өвөртөлж буй бололтой.

Reuters болон Bloomberg, CNN зэрэг агентлагуудын орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын Сансар судлалын Агентлаг (Роскосмос)-ын ерөнхийлөгч Юрий Борисов өмнөх өдөр нь Өмнөд Африкын Херманус хотод зохион байгуулагдсан хурал дээр “БРИКС”-ийн гишүүн орнуудад хандан өдгөө төлөвлөж буй сансрын станцын модулийн бүтээн байгуулалтад оролцох саналыг тавьсан талаар онцолжээ. Өнгөрсөн жил Украинд халдан довтолсныхоо дараа ОХУ-ын тал АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (НАСА)-тай хамтын ажиллагаагаа зогсоож, Олон улсын сансрын станцын (ОУСС) үйл ажиллагаанд цаашид оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ өөрийн сансрын станц болох Оросын тойрог замын систем (ROS) байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Эхний модулийг 2027 онд хөөргөх бол үлдсэн дөрвөн модулийг 2028-2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мөн мэдэгдсэн юм. Барууны хориг арга хэмжээний улмаас “БРИКС”-ийн гишүүн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч байгаа Орос улс сансрын станцын модулийг барих ажилд “БРИКС”-ийн гишүүн орнуудыг татан оролцуулахаар төлөвлөж буй нь энэ бололтой.

Роскосмос агентлагийн тэргүүн Борисов “Миний зүгээс “БРИКС”-ийн гишүүн орнуудад энэхүү төсөлд оролцож, иж бүрэн модулийг хамтран бүтээхийг санал болгож байна. Тэрчлэн зөвхөн “БРИКС”-ийн гишүүн орнуудаар тогтохгүй Африкийн бусад орнуудад ч өөрсдийн модулийг барьж байгуулах боломжийг олгохыг бид хүсч байна” хэмээн цохон тэмдэглэв.

Европын сансрын агентлаг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Оросын сарны явагч “Луна 25” төслөөс гарахаа мэдэгдэн ОХУ-тай сансар судлалын хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан юм. Европын сансрын агентлагтай хамтран хөөргөхөөр төлөвлөж байсан Ангараг гараг дээрх амьдралыг судлах "Exomas" төслөөс ч гарч буйгаа мэдэгджээ. Тухайн үед Роскосмосын тэргүүнээр ажиллаж асан Дмитрий Рогозин "Бид Европын сансар судлалын агентлагийн хариуцаж байсан сарнаа явагчийн эд ангиудыг үйлдвэрлэх боломжтой. Энэхүү хамтын ажиллагааг зогсоож буй явдал нь бидэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй” хэмээн дурдаж байв.

Өнгөрсөн 2021 онд Хятад болон Орос улсууд Олон улсын сарны судалгааны станцыг (ILRS) 2035 он гэхэд барьж дуусгахаар тохиролцсон билээ. Гэвч Хятадын тал энэхүү төслийн талаар дурдахдаа “Хятадаар удирдуулсан" хэмээн онцолж байгаа нь Оросын хувьд тийм ч таатай биш нь тодорхой. Ийнхүү сансар судлалын салбар дахь хамтын ажиллагаанууд ар араасаа бүтэлгүйтэж буй үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сар болон энэ оны хоёрдугаар сард хоёр удаа гарсан Оросын сансрын хөлгийн хөргөлтийн шингэн алдагдсан осол нь тус улсын сансар судлалын салбарт томоохон бүтэлгүйтэл болсон юм.

Euro Consultants компанийн шинжээч Максим Путот Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын сансрын хөтөлбөрүүд нь гүйцэтгэл хангалтгүйгээс гадна санхүүжилт бага, чанарын хяналт муу зэргээс болж хохирол амсаж байна” гээд энэ нь ч “БРИКС”-ийн орнуудыг төсөл хөтөлбөрүүддээ татан оролцуулах сэдлийг төрүүлсэн нь дамжиггүй хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. ОХУ-ын сансрын агентлагийн ерөнхийлөгч Борисов мөн саяхан өдөр тутмын Ведомости сонинд өгсөн ярилцлагадаа "Орос улс сансар судлалын салбар дахь хүчирхэг гүрэн гэх тодотголоосоо холдсоор байна” хэмээн өөрсдийн байгаа байдлыг хүлээн зөвшөөрсөн аж.

ОХУ-ын онцгой анхаарал хандуулж буй “БРИКС”-ийн гишүүн орны нэг бол яах аргагүй Энэтхэг юм. Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди АНУ-д айлчилж, Артемис хөтөлбөрт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Мөн 2024 он гэхэд ОУСС-д Энэтхэгийн сансрын нисэгчдийг илгээгээд зогсохгүй АНУ тэргүүтэй сарыг судлах төсөлд хамтран оролцох зэргээр сансар судлалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, АНУ-тай “ойртож дотносох” болоод буй Энэтхэгийн байр суурийг өөрчлөх нь ОХУ-ын хувьд нэн яаралтай хийх даалгаврын нэг болоод буй юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35