Газын зурваст Израиль улс болон Палестины исламист Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед American Airlines авиакомпанийн нисгэгчдийн эвлэлээс өөрсдийн гишүүн нисгэгч нарт Израиль улс руу нисэхээс татгалзахыг зааварлажээ.
Зааврыг эвлэлийн ерөнхийлөгч Эд Сихер гишүүддээ цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд түүний зөвлөсөн дагуу нисгэгчид тус бүс рүү нисэхэд аюулгүй гэдэг нь хангалттай баттай болсон цаг иртэл Израиль руу нисэх ёсгүй гэсэн байна.
Түүнчлэн ноён Сихерийн зүгээс заавар зөвлөмждөө АНУ-ын Төрийн департментын зөвлөмжийг ч хавсаргасан юм. Улмаар тэр Израиль дахь нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй байгаа бөгөөд пуужинг хэзээ ч харваж болох нь агаарын хөлгийг эрсдэлд оруулж буйг цохон тэмдэглэжээ. Эд Сихерийн хэлснээр, “Дайны бүс рүү нислэг үйлдэж, бүхээгийн ажилтнууд хийгээд зорчигчдын амь насыг санаатайгаар эрсдэлд оруулах нь огтоос ухаалаг хэрэг биш” гэсэн юм.
Эх сурвалж: AP News