АНУ-ын Батлан ​​хамгаалах яам 2027 оноос Хятадын CATL болон BYD компанийн батарейг ашиглахгүй
1 сарын 23. 5:390

2027 оноос эхлэн АНУ-ын Батлан ​​хамгаалах яам Хятадын компаниудын үйлдвэрлэсэн батарейг ашиглах боломжгүй болж буй аж. Ийнхүү шийдвэрлэсний гол шалтгаан бол Хятадын батарей АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэсэн дүгнэлттэй холбоотой юм. Хэдийгээр энэ хязгаарлалт нь хувийн компаниудад хамаарахгүй ч Өмнөд Солонгосын компаниудын үйлдвэрлэсэн батарей АНУ-ын зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд нөлөөлнө гэж шинжээчид харж байна.

Өнгөрсөн сарын 22-ны өдөр ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн АНУ-ын “Үндэсний Батлан ​​хамгаалахын зөвшөөрлийн тухай хууль”-д энэ талаар тусгасан талаар Bloomberg News агентлаг 22-нд мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар, 2027 оны аравдугаар сараас эхлэн АНУ-ын Батлан ​​хамгаалах яам Хятадын CATL, BYD зэрэг компаниудаас батарей худалдаж авах боломжгүй болж байгааг онцолжээ.

Дээр дурдсан хоёр компаниас гадна Envision Energy, EVE Energy, Goshen High Tech, Hitium Energy Storage Technology зэрэг дөрвөн компани мөн багтаж буй аж. Эдгээр компаниуд нь дэлхийн батарей үйлдвэрлэлийн салбарт эхний 10-т багтдаг аж. Зөвхөн дотоодынхоо зах зээлд анхаарлаа хандуулж ирсэн Хятадын батарей үйлдвэрлэгчид сүүлийн үед дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болоод байгаа билээ.

“Үндэсний батлан ​​хамгаалахын зөвшөөрлийн тухай хууль”-д Хятадын хагас дамжуулагчийн хэрэглээг хязгаарлах тухай тусгасан байдаг бол энэ удаад батарейг нэмж оруулсан нь энэ аж.

Энэхүү шийдвэр нь АНУ-ын засгийн газар болон конгрессын зүгээс АНУ-ын цахилгаан автомашин болон байгальд ээлтэй эрчим хүчний салбарт Хятадаас хараат байдлыг бууруулах зорилгыг өвөртөлж буй нь тодорхой юм. Bloomberg News агентлаг “Энэ нь Пентагоныг геополитикийн өрсөлдөгчөөс нь ангижруулах гэсэн Вашингтоны томоохон шийдвэрийн нэг яах аргагүй мөн” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн уг шийдвэр нь арилжааны зориулалттай батарейнд хамаарахгүй гэжээ. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford компани Мичиган хот дахь үйлдвэртээ CATL-аас нийлүүлсэн батарейг ашиглан цахилгаан машин үйлдвэрлэдэг бол Tesla компани ч мөн зарим батарейгаа BYD-ээс авдаг юм. АНУ-ын засгийн газар “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд цахилгаан автомашин үйлдвэрлэхдээ Хятадад үйлдвэрлэсэн сэлбэг, эд анги болон батарейны түүхий эдийг ашигласан тохиолдолд татаасыг бууруулж байгаа нь АНУ-ын зах зээл дэх Хятадын батарейны байр суурийг хүссэн хүсээгүй хумихад хүргэж байна.

Түүнчлэн тус улсын конгрессын зүгээс АНУ-ын зах зээлд шинээр нэвтэрч байгаа Хятадын батарей үйлдвэрлэгчдийг шалгах болжээ. Тухайлбал өнгөрсөн жил Ford компани CATL-тай хамтран үйлдвэр байгуулахаа зарласан ч конгрессын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ. Сенатч Тед Круз, Марко Рубио нар өнгөрсөн сард АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинд захидал илгээж, CATL компанийн батарейг ашиглах нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан юм.

Үүний зэрэгцээ, ерөнхийлөгч Байден өнгөрсөн сарын 22-нд 2024 оны санхүүгийн жилийн “Үндэсний батлан ​​хамгаалахын зөвшөөрлийн тухай хууль”-д гарын үсэг зурсан ба энэхүү хуулийн төслийг мөн сарын 12, 14-нд Холбооны Сенат болон Төлөөлөгчдийн танхим тус тус баталсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03