Тайванийн Foxconn компани хиймэл оюун ухааны серверийн үйлдвэрлэлээ Хятадаас Мексик рүү шилжүүлнэ
4 сарын 2. 4:470

Тайванийн Foxconn компани Мексикт хиймэл оюун ухааны технологид ашиглагдах сервер үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэрэг өндөр технологийн салбарт АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Америкийн томоохон компаниуд Хятад дахь үйлдвэрлэлийн баазаа Мексик рүү шилжүүлэхийг түншүүдээсээ шаардаж байгаа аж. АНУ-ын талаас Хятадад тавих хяналт, шалгалт хурдацтай нэмэгдэж байгаа энэ нөхцөл байдалд АНУ-тай ойр орших улс орнууд руу үйлдвэрлэлийн баазаа нүүлгэх компаниудын тоо нэмэгдсээр байна.

Орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 31-нд Wall Street Journal сонинд мэдээлснээр Foxconn компани өнгөрөгч хоёрдугаар сард Мексикийн баруун хэсэгт орших Жалиско мужийн холбогдох эрх баригчдаас 27 сая ам.доллароор үнэлэгдэх томоохон хэмжээтэй газрыг худалдаж авсан болохыг онцлов.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Мексикт нийт 690 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй Foxconn компани тус газарт хиймэл оюун ухааны технологид ашиглагдах серверийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мексикт үйлдвэрлэсэн Foxconn-ийн хиймэл оюун ухааны технологийн эдгээр серверүүдийг Америкийн Amazon, Google, Microsoft, Nvidia зэрэг компаниудад нийлүүлнэ гэв.

Зөвхөн Foxconn гэлтгүй Тайванийн томоохон компаниуд Мексикт хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаа нь Америкийн компаниудын хүргүүлсэн хүсэлт, шаардлагатай шууд холбоотой. Өмнө нь Dell болон Hewlett-Packard компаниуд гол түншүүддээ сервер болон үүлэн тооцооллын салбарт Хятадаас хамааралтай байдлаа бууруулж, үйл ажиллагаагаа Зүүн өмнөд Ази болон Мексик рүү шилжүүлэхийг хүсэж байсан удаатай. Тус хоёр компани нь Хятадаас хамааралтай нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү түншүүддээ ил тод илэрхийлсэн гэдэг.

Тайванийн компаниуд Хятадыг орхин Мексикийг зорьж байгаа энэ үед одоогийн байдлаар Мексикт үйл ажиллагаа явуулж буй Тайвань компанийн тоо 300-г даваад байгаа бол 70.000 залуучууд ажиллаж байна. Улмаар Тайвань, Мексикийн худалдааны хэмжээ ойролцоогоор 15 тэрбум ам.долларт хүрчээ.

Компаниуд Мексикийг зорих болсон гол шалтгаан нь дэлхийн хамгийн том экспортын зах зээл болох АНУ-тай газарзүйн хувьд ойрхны дээр ажиллах хүчний зардал харьцангуй бага байдагтай холбоотой юм. Хамгийн гол нь АНУ нь Америк, Мексик, Канадын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Мексикт бага татвар ногдуулж байгаа нь дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлох хамгийн оновчтой бүс нутаг болгож өгч байна. Нөгөөтэйгүүр, Азийн үйлдвэрлэлийн бааз, суурь нь болж байсан Хятад улс нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг оролдож буй АНУ-ын зүгээс эрчимтэй хяналтад өртсөөр байгаа билээ.

Wall Street Journal сонины онцолж буйгаар 2020 онд Америк, Мексик, Канадын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжсэнээс хойш "Үйлдвэрлэлийн баазаа Хятадаас Мексик рүү нүүлгэн шилжүүлсэн компаниуд Мексикт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Мексикийн үүргийг улам бүр нэмэгдүүлж буй дэвшилтэт үйлдвэрлэлийн салбаруудын нэг бол яах аргагүй хиймэл оюун ухааны технологи юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Одоогоор Ази, Европ, АНУ-ын томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрээ Мексик рүү нүүлгэсээр байгаа юм. Тэр дундаа автомашины салбар хамгийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд Мексик улс автомашины экспортоор дэлхийд эхний тавд бичигдэх болжээ. Тухайлбал Tesla зэрэг цахилгаан тээврийн хэрэгслийн компани Мексикт шинэ үйлдвэрээ барихаар хэлэлцэж байгаа бол Тайванийн компаниуд Мексикийн өмнөд хэсэгт хөрөнгө оруулалтаа өргөжүүлсээр байна. Энэхүү үзэгдэл цаашид хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн салбарт дэлгэрэх төлөвтэй байна. Саяхан АНУ-ын Төрийн департамент хагас дамжуулагчийн экосистемийг өргөжүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр Мексиктэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа билээ.

Тэрчлэн АНУ-ын импортод Мексикийн эзлэх хувь мөн нэмэгджээ. Өнгөрсөн онд АНУ-ын импортод Хятадын эзлэх хувь 13.9 хувьд хүрсэн нь 2015 онд 21.5 хувь байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болов. Харин мөн хугацаанд Мексик 2 хувиар өсөж 15.4 хувьд хүрснээр АНУ-ын хамгийн том импортлогч орон боожээ.

Тайванийн Гадаад худалдааны хөгжлийн хорооны дарга Жеймс Хуан “Хойд Америкийн орнууд Азиас импортолж буй олон бүтээгдэхүүнээ аль болох солихоор хичээж байна. Мексик нь Америк, Мексик, Канадын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамгийн чухал үйлдвэрлэлийн бааз болох нь тодорхой болоод байна” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41