Энэтхэг ойрын 10 жилийн дотор Япон, Германыг гүйцэж дэлхийн 3 дахь том эдийн засагтай орон болно
2022, 12 сарын 4. 14:260

Энэтхэг улс ойрын 10 жилийн дотор эдийн засгийн хэмжээгээрээ Япон, Германыг гүйцэж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болно гэх таамаглал гарах болов.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр S&P Global судалгааны байгууллагын зүгээс Энэтхэгийн жилийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн хурд 2030 он хүртэл дунджаар 6.3 хувь байх тооцооллыг гаргасан ба үүний үндсэн дээр энэхүү хугацаанд тус улс нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болно гэж таамаглажээ.

Моrgan Stanley хөрөнгө оруулалтын банк ч мөн Энэтхэгийн ДНБ 2031 он гэхэд одоогийн түвшнээс хоёр дахин нэмэгдэнэ гэж таамагласан байна.

Ингэснээр одоогийн байдлаар нэрлэсэн ДНБ-ээрээ дэлхийд тавдугаарт жагсаж байгаа Энэтхэг улс нь гурав, дөрөвдүгээрт жагсаж буй Япон, Германыг гүйцэж түрүүлэн АНУ, БНХАУ-ын хамт дэлхийн эдийн засгийн “Их гурвал” болно гэсэн үг юм.

Morgan Stanley-ийн тайланд "Энэтхэг улс гадны орнуудын үйлдвэрлэлийг өөрийн улс руу татах, мөн дотоодын аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт дижитал дэд бүтцийг байгуулах зэргээр эдийн засгийн өсөлтөө хурдасгаж буй юм. Энэхүү хөдөлгөгч хүч нь Энэтхэгийг 10 жилийн дотор дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс” болгох талаар дурдсан байна.

Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд тоон үзүүлэлтээс харахад л бэлхэнээ харагдаж буй юм. Тодруулбал энэ оны хоёрдугаар улиралд ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар өссөн бол 3-р улиралд мөн өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өсч, Ройтерс агентлагийн таамаглалаас (6.2 хувь) давсан байна.

Энэтхэгийн эдийн засгийн хурдацтай өсөлтийн суурь нь боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татаж буй явдал юм. Тус улс нь үйлдвэрлэлийн баазаа Энэтхэг рүү шилжүүлж буй дотоодын болон гадаадын компаниудад татварын хөнгөлөлт, үйлдвэрлэлтэй холбоотой урамшуулал олгодог. Үүний үр дүнд Энэтхэгийн ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ өдгөө 15.6 хувь байгаа бол 2031 он гэхэд 21 хувьд хүрнэ гэж Morgan Stanley мөн таамаглажээ.

АНУ-Хятадын хооронд үүсээд буй сөргөлдөөн Энэтхэгийн эдийн засагт тун эерэгээр нөлөөлж буйг дурдахгүй байхын аргагүй. АНУ болон бусад барууны томоохон компаниудын дунд “Хятадыг орхих" үзэгдэл газар авч байгаа энэ үед ажиллах хүч ихтэйн дээр хөдөлмөрийн хөлсний зардал багатай Энэтхэг улс хамгийн том ашиг хүртэж буй улсын нэг болоод байна. Тухайлбал энэ оноос Apple компани iPhone 14 ухаалаг утасныхаа зарим хэсгийг тус улсад угсарч эхэлсэн бөгөөд цаашлаад 2025 он гэхэд iPhone ухаалаг утасны үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар хүн ам ихтэйн дээр эдийн засгийн идэвхтэй хүн амын харьцаа өндөр байгаа нь Энэтхэгийн эдийн засгийн хурдацтай өсөлтөд нөлөөлж байгаа гэв. НҮБ-ын Хүн амын байнууллагын (UNPD) мэдээлснээр, Энэтхэгийн хүн ам одоогийн байдлаар 1 тэрбум 412 сая байгаа нь Хятадаас (1 тэрбум 426 сая) бага боловч ирэх онд Хятадыг гүйцэх төлөвтэй байгааг онцолжээ.

Түүнчлэн Энэтхэгт 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амын дөнгөж 7 хувийг эзэлдэг бол 15-64 насныхан 68 хувийг эзэлдэг аж. Түүнчлэн, сүүлийн үед өндөр мэдлэг боловсролтой олон Энэтхэг хүмүүс олон дэлхийн улс төр, бизнесийн ертөнцөд хөл тавих болоод байгаа билээ.

Британийн эдийн засгийн шинжилгээний агентлаг болох Economist Intelligence Unit (EIU)-ийн ахлах шинжээч Сумедха Дасгупта CNBC-д хэлэхдээ, "Энэтхэгийн давуу тал нь хямд өртөгтэй ажиллах хүчний олдоц, үйлдвэрлэлийн зардал бага байдал, хөрөнгө оруулалтад нээлттэй, бизнест ээлтэй бодлого баримталдаг, хэрэглээний түвшин өндөртэй залуу хүн амтай гээд олон бий” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Гэвч Энэтхэгийн эдийн засгийн талаарх ирээдүйн таамаг бүгд “гэрэл, гэгээтэй” байгаа юу гэвэл өрөөсгөл юм. Хэрэв дэлхийн эдийн засагт хямрал бодитоор нүүрлэсэн тохиолдолд худалдаанаас харьцангуй хамааралтай Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн баян хоосны хэт ялгаа, үүнээс үүдэн улс төрийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй зэрэг нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөд саад учруулж болзошгүй хүчин зүйлд тооцогдож байгаа юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
1
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20