
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хиймэл оюун ухаан бүхий чатботууд хэрэглээнд нэвтэрснээс хойш ажил олгогчид тэдгээрийг хангалттай түвшинд ашиглаж чаддаг ажил горилогчдыг ажилд авах сонирхол нь эрс нэмэгдсэн билээ.
Улмаар Upwork хэмээх хүний нөөцийн платформоос мэдээлснээр 2022 оны сүүл үетэй харьцуулахад 2023 оны хоёрдугаар улиралд энэ төрлийн чатботтой уялдаатай ажлын байрны зарын тоо даруй 1,000 гаруй хувиар өссөн гэсэн байна.
Тийнхүү ChatGPT, BERT, Stable Diffusion, TensorFlow зэрэг чатботуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх нь хамгийн эрэлттэй ур чадваруудын нэгт тооцогдох болжээ. Үүний дараагаар хиймэл оюун ухаан ашиглах контент бүтээлийн ажлуудын хүрээн дэх хайлтын тоо ч эрчимтэй өсөж байгаа гэнэ.
Судалгааны хүрээнд Upwork платформоос мэдэгдсэнээр, компаниуд ажил горилогчдод тавих шаардлагатаа хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг эзэмшсэн байх гэх ур чадварыг тусгаж өгч буй нь бизнесийн байгууллагууд хиймэл оюун ухааны бий болгох боломжит боломжуудад үлэмж анхаарал хандуулж байгаагийн илрэл хэмээжээ.
Мөн өөр нэг судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн зах зээлийн зүгээс хиймэл оюун ухаанд ихээхэн итгэл хүлээлгэж байгаа ч хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн олонх нь тус технологийг аюулгүй, үр бүтээлтэйгээр ашиглах ур чадвар дутмаг байна гэсэн байна.
Эх сурвалж: HR Dive