Дэлхийн санхүүгийн хямралын үед ч компаниудын дампуурал иймдээ тулж байсангүй
2023, 12 сарын 21. 3:120

АНУ, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын компаниуд дампууралд өртөх нь сүүлийн үед тун түгээмэл болжээ. Мөнгөний хатуу бодлогын улмаас санхүүжилтийн орчин хурдацтай доройтож байгаагийн дээр цар тахлын үед компаниудыг “амь голтойгоо” үлдэхэд тусалсан улс орнуудын засгийн газрын зүгээс олгож байсан татаасын бодлого зогссон явдал нь гал дээр тос нэмсэн гэж дүгнэхэд болох юм.

Financial Times сонины орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн үндэсний статистикийн газар болон шүүхийн тоо баримтаас иш татан мэдээлснээр, энэ оны эхний 9 сарын байдлаар Америкийн аж ахуй нэгжүүдийн дампуурлын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн болохыг онцолсон байна. Энэ үзүүлэлт 2019 оныг эс тооцвол 2010 оноос хойш жил бүр хасах үзүүлэлттэй байсан бол энэ жил ийнхүү мэдэгдэхүйц өсжээ.

Мөн хугацаанд Евро бүс дэх (евро ашигладаг 20 улс) дампуурсан аж ахуй нэгжүүдийн тоо өмнөх онтой харьцуулахад 13 хувиар мөн өссөн ба энэ нь сүүлийн 8 жилийн хугацөан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Эдийн засгийн хэмжээгээрээ Европтоо тэргүүлэгч Герман улсын хувьд энэхүү үзүүлэлт мөн л 25 хувиар өссөн нь батлагджээ. Тус улсын Деститас статистикийн хүрээлэнгийн онцолсноор “Өнгөрөгч 6-р сараас хойш сар бүрийн үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад хоёр оронтой тоогоор тогтмол өссөөр байна” гэв. Үүнээс гадна Франц, Нидерланд, Япон улсуудад ч дампуурч буй аж ахуй нэгжүүдийн тоо 30 гаруй хувиар өссөн байна. Дэлхийн санхүүгийн хямралын үед ч ийм хэмжээнд очиж байгаагүй аж.

Олон улсын зээлжих зэрэглэлийн Moody's агентлаг энэ оны 10-р сарыг дуусталх 12 сарын хугацаанд дэлхийн хэмжээнд спекулятив зэрэгтэй (хөрөнгө оруулалтын бус зэрэг) компаниудын дефолт ханшийг 4.5 хувиар тооцжээ. Энэ нь өнгөрсөн удаад 4.1 хувь байснаас бага зэрэг өссөн үзүүлэлт болсон байна. АНУ-ын томоохон эмийн сангийн сүлжээ болох Rite Aid, Бельгийн жижиглэн худалдааны Ideal Standard International, Британийн Hayaholdco санхүүгийн компаниудыг дампуурсан аж ахуй нэгжүүдийн жишээгээр авч үзэж болох юм.

Их Британийн зөвлөх компани болох Capital Economics-ийн ахлах эдийн засагч Нейл Ширинг “Цар тахлын үед засгийн газрын татаасаар сэргэж чадсан компаниуд мөнгөний хатуу бодлогын улмаас зээлийн хүү өндөр байгаа үед энэ ээлж дараалан “өвдөг сөхрөх” болоод байна. Түүнчлэн эрчим хүчний хэрэгцээ өндөртэй үйлдвэрүүдийн зардал бараг хоёр дахин нэмэгдсэнээс гадна зам тээвэр, үйлчилгээ зэрэг цаг, хөдөлмөр ихээр шаарддаг салбаруудад дампуурлын түвшин өндөр байна" хэмээн дурдав.

АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан зээлийн хүүгийн өсөлтийг царцаасан нь бусад томоохон орнуудын зээлийн хүү ч өдгөө дээд цэгтээ хүрсэн гэх дүгнэлтийг шинжээчдийн зүгээс гарахад нөлөөлсөн юм. Гэвч зээлийн хүү бодитоор буурах хүртэл дахин хэдэн сар шаардагдана хэмээн олон шинжээч харж байна. Тийм ч учраас аж ахуй нэгжүүд дампууралд өртөх эрсдэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Германы санхүүгийн үйлчилгээний Allianz Research компани дэлхийн дефолт өсөлтийн хурд энэ онд 6 хувь байсан бол ирэх онд 10 хувь болтлоо өсөх ч магадлалтай хэмээн цохон тэмдэглэв. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө, барилга гэх мэт зээлийн хүүгийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий салбаруудад өр төлбөрийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Энэхүү асуудал нь цаашлаад дэлхийн эдийн засаг, улс орнуудын хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм. Их Британийн хөрөнгийн удирдлагын Hargreaves Landsdown компанийн ахлах шинжээч Сюзанна Стрит “Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж зээлийн хүүг өсгөж буй явдал нь компаниуд төдийгүй ирээдүйтэй стартапууд, урт хугацаанд өсөх боломжтой жижиг, дунд бизнесүүдийг зах зээлээс түлхэн гаргахад томоохон “хувь нэмэр” болж байна” хэмээн өгүүлэв.

Гэсэн хэдий ч улс орнуудын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих хариу арга хэмжээнүүд, тэр дундаа эрчим хүчний салбарт татаас олгож буй явдал нь компаниудад “дахин төрөх” боломжийг бүрдүүлнэ хэмээн харах нэгэн ч байна. Тухайлбал Allianz Research-ийн корпорацийн дампуурлын судалгааны хэлтсийн тэргүүлэгч Максим Лемэйр “Түүхийн хуудсыг сөхөн харвал АНУ, Герман, Франц зэрэг томоохон улс орнуудад дампуурч буй аж ахуй нэгжүүдийн тоо өчүүхэн бага түвшинд байна. Тэрчлэн улс орнууд дахь ажилгүйдлийн түвшин урьд өмнө байгаагүй доод түвшинд байгаагийн дээр зээлийн хүү бага байх үед компаниуд хангалттай бэлэн мөнгөний нөөцтэй болсон нь тодорхой. Тиймээс дэлхийн эдийн засаг цаашид ч тэлсээр байх болно” хэмээн үзэл бодлор илэрхийлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03