АНУ дахь Германы хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2 сарын 21. 3:560

Өнгөрсөн онд АНУ дахь Германы хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэх тооцоо гарчээ. Тодруулбал Хятадад оруулсан хөрөнгө оруулалтаас бараг гурав дахин их байсан аж. Германы эдийн засаг энэ оны эхний улиралд өнгөрсөн жилийнхтэй адил агшсан үзүүлэлттэй байх төлөвтэй байгаа энэ үед Германы компаниуд “бизнес эрхлэхэд таатай орон” болоод буй АНУ-ыг зорих нь олширчээ. Ирэх он гэхэд АНУ Хятадыг гүйцэж түрүүлэн Германы худалдааны хамгийн том түнш болно гэх таамаг ч шинжээчдийн дунд гарах болов.

Financial Times сонины харьяа fDiMarkets судалгааны фирмийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, Германы компаниуд өнгөрсөн онд АНУ-ын нутаг дэвсгэрт хэрэгжих төслүүдэд 15.7 тэрбум ам.долларын (M&A буюу хувьцааны хөрөнгө оруулалтыг эс тооцвол) хөрөнгө оруулалт хийхээ зарласан болохыг онцолжээ. Энэ нь өмнөх онд 8.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсантай харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Харин Германы компаниудын өнгөрсөн онд Хятадад хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ ердөө 5.9 тэрбум ам.доллар байсан аж. Нэмж дурдахад Германы хилийн чанад дахь Greenfield хөрөнгө оруулалтын 15 орчим хувь нь АНУ-д хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны 6 хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт болсон байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нэг төрөл болох “Greenfield” хөрөнгө оруулалт нь тухайн орон нутагт шинэ үйлдвэр эсвэл бизнесийн орчин бүтээн байгуулах төслүүдийг хэлдэг бөгөөд энэ нь ажлын байр нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Германы компаниудын АНУ дахь хөрөнгө оруулалтын өсөлт 2022 оны хоёрдугаар хагасаас эхэлсэн гэж хэлж болох юм. Тухайн үед Жо Байдены засаг захиргаа “Инфляцыг бууруулах тухай хууль” болон “Хагас дамжуулагчийг дэмжих хууль”, “Шинжлэх ухааны тухай хууль” зэргийг баталж, цэвэр технологийн үйлдвэрлэлийн салбар, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд нийт 700 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт, татаас зэргийг олгохоор хуульчилсан анхны жил байсан билээ. Германы компаниуд өнгөрсөн онд АНУ-д 185 хөрөнгө оруулалтын төсөл зарласны 73 нь үйлдвэрлэлийн салбарын төслүүд байв.

Хамгийн том төсөл нь Volkswagen группын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Scout Motors охин компани Өмнөд Каролина мужид хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 4000 хүртэлх тооны ажлын байрыг бий болгохоор төлөвлөсөн явдал байв. Түүнчлэн Siemens Energy компани энэ сард "Хойд Каролинад 150 сая ам.долларын цахилгаан трансформаторын үйлдвэр барих" төлөвлөгөөгөө зарлаад байгаа билээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Холт хэлэхдээ, "Өмнө нь ХБНГУ, Австриас трансформатор импортолдог байсан АНУ сүүлийн үед эрчим хүчний шинэ дэд бүтцийг барьж эхэлсэн нь зах зээлээ тэлэх асар их боломжийг бий болгож байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна" гэжээ. Siemens Energy компанийн зүгээс "Улаан тэнгисийн хурцадмал байдлаас үүдэлтэй Суэцийн сувгийн асуудал нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх хэрэгцээг нэмэгдүүлж байна" гэж тайлбар хийв.

Тэрчлэн Германы химийн технологийн BASF компани ч АНУ дахь бизнесээ өргөжүүлж байна. Тодруулбал 2023-2027 оны хугацаанд Хойд Америкт нийт 3.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Луизиана, Охайо муж дахь нефтийн химийн үйлдвэрүүдийг өргөтгөх ажил багтжээ. Тус компанийн Хойд Америкийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Хайнц хэлэхдээ, "Зах зээлийн хэмжээ, ирэх 10 жилийн өсөлтийн хэтийн төлөв, засгийн газрын татаасын хөтөлбөрүүдийг харгалзан үзвэл АНУ бол маш сонирхолтой зах зээл юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Financial Times сонины мэдээлснээр, "АНУ эдийн засгийн өсөлт, татварын хөнгөлөлтийг үзүүлэх замаар зөвхөн Германы зах зээл төдийгүй тус улсын хамгийн том худалдааны түнш Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдлаас болж хүнд байдалд ороод буй Германы компаниудыг улам “татаж” байна”" хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.

Германы компаниудын АНУ дахь хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү өсөж байгаа явдал нь цаашид ч улам нэмэгдэж, бараг чиг хандлага болж бэхжих төлөвтэй байна. Герман-Америкийн Худалдааны Танхимаас 8-ны өдөр нийтэлсэн Германы компаниудын АНУ дахь 224 охин компанийн дунд явуулсан судалгаагаар 96 хувь нь 2026 он гэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж хариулжээ. Үүнээс гадна Германы Худалдааны танхимын гадаад худалдааны төлөөлөгч мөн өдөр Reuters агентлагт хэлэхдээ, "АНУ наанадаж 2025 он гэхэд Хятадыг гүйцэж, Германы худалдааны хамгийн том түнш болно" гэв.

Европын хамгийн том эдийн засагтай Герман улс 2022 оны эхээр Орос Украинд түрэмгийлсний дараа Оросын байгалийн хийн импортоос (нийт импортын 55%) хараат байдлаа эрс бууруулах шаардлага тулгарсан билээ. Хямд өртөг бүхий Оросын хий нь Германыг Европын хүнд үйлдвэр, үйлдвэрлэлийн төвөөр хэдэн арван жилийн турш хаанчлах боломжийг олгосон юм. Гэвч ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ авч эхэлснээр эрчим хүчний үнэ өсч, эрчимний хэрэглээ өндөртэй үйлдвэрүүдийн тэргүүлэгч Германы компаниуд ноцтой цохилтод өртсөн билээ. Үүний үр дүнд бизнест ээлтэй орчин хайж Германы зах зээлийг орхих хүмүүс олширсон юм.

Үүний нэг жишээ бол Людвигшафен дэх төв байраа бүрмөсөн цомхотгож, үйлдвэрээ хаах төлөвлөгөөгөө зарласан BASF компани юм. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Германы компаниудын гуравны нэг нь үйлдвэрлэлээ хилийн чанад руу нүүлгэж, өргөжүүлнэ гэж мэдэгдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. BASF компанийн Хойд Америкийг хариуцсан гүйцэтгэх захирал Хайнц “Европ нь хэт их зохицуулалтаас гадна маш удаан хугацаанд үргэлжлэх хүнд сурталтай зөвшөөрөл олгох үйл явц, өндөр өртөгтэй үйлдвэрлэлийн зардлаас болж бизнес эрхлэхэд улам хэцүү газар болж байна” гэж хэлэв.

Герман болон Европ бизнесийн орчны хувьд оршин тогтнохын тулд өрсөлдөхүйц үнээр байгальд ээлтэй ногоон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан, устөрөгчийн зохих дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Мөн хүнд суртлыг багасгаж, зөвшөөрөл олгох журмыг богиносгох хэрэгтэй" гэж тэр хэллээ. Өнгөрсөн онд дотоодын бодит нийт бүтээгдэхүүн (ДНБ) 0.3 хувиар буурч сөрөг өсөлттэй байсан Германы эдийн засгийн уналт энэ оны эхний улиралд ч үргэлжлэх төлөвтэй байна. Энэ өдөр Бундесбанк “Засгийн газрын бодлогын тодорхойгүй байдал, тээврийн ажил хаялт, хэрэглээ болон аж үйлдвэрийн эрэлтийн сулрал зэргээс шалтгаалан эхний улиралд эдийн засаг сөрөг өсөлттэй байх төлөвтэй байна” гэж зарлав.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03