АНУ: ОХУ энэ онд сансарт цөмийн зэвсэг байршуулж магадгүй хэмээн холбоотнууддаа анхааруулжээ
2 сарын 22. 3:220

АНУ-ын засгийн газар холбоотнууддаа хандан ОХУ энэ онд багтаан хиймэл дагуулын тойрог замд сансрын цөмийн зэвсгийг байршуулж болзошгүйг анхааруулсан тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Хэрэв Оросын тал уг зэвсгийг хиймэл дагуулын үйл ажиллагааг саатуулахад ашигласан тохиолдолд дэлхийн харилцаа холбооны сүлжээнд саатал гарч, эмх замбараагүй байдал нүүрлэж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

Харин энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сансарт цөмийн зэвсэг байршуулах асуудалд эсрэг байр суурьтай буйгаа удаа дараа мэдэгдэн олон улсын тавцанд үүссэн Оросын учруулж болзошгүй аюул заналхийллийн талаарх таамгийг няцаахыг хичээж байна. Гэсэн хэдий ч Украины дайн гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж, Орос, барууны орнуудын хоорондох хориг арга хэмжээ, сөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед хиймэл дагуулын аюулгүй байдал олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хэлэлцэх асуудлын нэг болох төлөвтэй байна.

Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 20-ны өдөр эх сурвалжаас иш татан, "АНУ-ын засгийн газар холбоотнууддаа ОХУ энэ ондоо багтаан цөмийн зэвсэг юм уу цөмийн цэнэгт хошууг сансарт байршуулж магадгүй гэж мэдэгдсэн" гэж мэдээлэв.

Өмнө нь АНУ-ын улс төрийн хүрээнийхэн төдийгүй ерөнхийлөгч Жо Байден ОХУ хиймэл дагуулын эсрэг зэвсэг бүтээж байгааг анхааруулж байсан билээ. Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын харилцааны зөвлөх Жон Кирби ОХУ хиймэл дагуулын эсрэг зэвсэг бүтээж буй талаар дурдсан бол Америкийн хэвлэлүүд мөн ОХУ хиймэл дагуулыг устгадаг цөмийн цахилгаан соронзон долгионы (EMP) зэвсгийг хөгжүүлж байна гэж мэдээлсэн юм.

Хэрэв ОХУ сансарт цөмийн зэвсэг байршуулж, яаралтай үед хиймэл дагуулын эсрэг зэвсэг болгон ашигласан тохиолдолд зөвхөн АНУ гэлтгүй олон улс оронд хиймэл дагуулын холбооны сүлжээ саатахаас гадна цөмийн хог хаягдлын асуудал ч ундран гарах магадлал өндөр байгаа юм. Тухайлбал НҮБ-ын Сансар судлалын албаны мэдээлснээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн тойрог замд 7800 орчим хиймэл дагуул байгаа бөгөөд хэрэв эдгээр хиймэл дагуулууд цөмийн дэлбэрэлтийн улмаас эвдэрч сүйдэн, үйл ажиллагаа нь зогсвол дэлхийн харилцаа холбооны сүлжээнд томоохон хэмжээний асуудал үүсч болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулсан байна.

Bloomberg News агентлаг шинжээчдийн хэлснийг иш татан, "Сансар огторгуйд цөмийн дэлбэрэлт болсон тохиолдолд дээр дурдсан хиймэл дагуулуудын гуравны нэг орчимд нөлөөлж, дэлхийн харилцаа холбооны систем эмх замбараагүй байдалд орж болзошгүй. Ихэнх арилжааны хиймэл дагуулууд 2000 километрээс доош өндөрт байршдаг тул дэлбэрэлт болсны дараа олон тооны хиймэл дагуулууд дэлхий рүү унах магадлалтай” хэмээн онцлон тэмдэглэв.

Гэвч ОХУ-ын зүгээс энэхүү мэдээллийг эрс няцааж, сансарт цөмийн зэвсэг байршуулах нь байж боломгүй явдал хэмээн эсэргүүцсэн байна. Ерөнхийлөгч Путин мөн өдөр ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ “Сүүлийн үед АНУ тэргүүтэй барууны орнуудад ОХУ сансарт цөмийн зэвсэг байршуулах талаар шуугиан дэгдэж байгаа ч бидний байр суурь тодорхой бөгөөд хувирашгүй гэдгийг дахин мэдэгдэх нь зүйтэй. Орос улс сансарт цөмийн зэвсэг байршуулахыг үргэлж эсэргүүцсээр ирсэн бөгөөд одоо ч энэ байр сууринаасаа ухрахгүй” хэмээн өгүүлсэн байна.

Ерөнхийлөгч Путин “ОХУ сансарт бусад улс орнууд, тэр дундаа АНУ-ын хийж, хэрэгжүүлдэг ажлыг л мөн адил хийдэг. Харин ч бид энэ салбарын бүх гэрээг дагаж мөрдөхийг олон удаа уриалж, хамтарсан төслийг эрчимжүүлэх саналыг дэвшүүлж байсан ч барууныхан яагаад ч юм энэ асуудлыг маш хурцаар хөндөж байгаад ихэд гайхаж байна” хэмээн тайлбар хийв.

Гэсэн хэдий ч Украины дайн гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж, барууны орнуудтай сөргөлдөөн улам л ширүүсэж буй энэ үед Оросын талаас үзүүлж болзошгүй аюул заналхийллийн талаарх таамаглал тийм ч амархан намжих нь юу л бол. Тэр дундаа Украины дайнд цэргийн зориулалтаар идэвхтэй ашиглаж байгаа SpaceX компанийн Starlink төслийн хиймэл дагуулуудын үйл ажиллагаанд нөлөөлөх магадлал өндөр байгаа тул ОХУ-ын төлөвлөж буй үйл ажиллагааг хязгаарлах даалгаврыг АНУ-ын засгийн газар Хятад, Энэтхэг улсуудын эрх баригчдад өгсөн гэх мэдээлэл бий.

Тодруулбал New York Times сонины мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрөгч 16, 17-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдсан “Мюнхений аюулгүй байдлын бага хурал”-д оролцох үеэрээ Хятадын Коммунист намын Гадаад хэргийн төв газрын дарга бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахмани Жайшанкар нартай уулзан “Сансарт цөмийн дэлбэрэлт болсон тохиолдолд Америкийн төдийгүй Хятад, Энэтхэгийн хиймэл дагуулууд ч аюулд өртөх болно. Үүнийг зогсоохын тулд ОХУ-тай ойр байдаг Хятад, Энэтхэг улсууд ямар нэгэн алхам хийх хэрэгтэй” хэмээн шаардсан аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01