Аялал жуулчлалын салбарт “All in” хийсэн Тайланд улс каннабисын араас казиног хуульчлахаар төлөвлөж байна
4 сарын 2. 4:440

Аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Тайланд улс 2022 онд каннабисын хэрэглээг хууль ёсоор зөвшөөрсөн бол энэ удаад казиног хуульчлахаар төлөвлөж байна. Цар тахал намжсанаас хойш аялал жуулчлалыг сэргээхэд анхаарч байгаа Тайландын засгийн газар мөрийтэй тоглоомыг дэмждэггүй хэдий ч казиног хуульчлах нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө хэмээн мэдэгджээ.

Казиног хуульчлах нь жуулчдыг татах нэг хөшүүрэг.

Америкийн эдийн засгийн мэдээллийн CNBC агентлагийн мэдээлснээр, Тайландын ерөнхий сайд Тета Тависин 29-ний өдөр нийгмийн сүлжээний X платформоор дамжуулан казиног хуульчлахаар төлөвлөж буй талаар дурдсан байна. “Ингэснээр далд эдийн засгийг зохицуулж, татварын орлогыг нэмэгдүүлнэ. Бид далд явагдаж буй энэхүү үйл ажиллагааг ил болгосноор хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгох болно” гэж тэрээр нэмж хэлэв.

Тайландад 1800-аад оны сүүлчээс эхлэн томоохон мөрийтэй тоглоомын газрууд олноом нээгдэж Хятадын цагаачид олноор үйлчлүүлдэг байсан ч 1935 онд мөрийтэй тоглоомын тухай хуулийг шинэчлэн боловсруулсны дараа ихэнх мөрийтэй тоглоомыг хориглосон юм. Одоогоор тус улсад хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн мөрийтэй тоглоомын төрөл бол лотто болон морин уралдаан аж. Зөвхөн тайландууд гэлтгүй гадаадууд ч ямар нэгэн мөрийтэй тоглоомыг тоглох боломжгүй юм. Энэ ч утгаараа мөрийтэй тоглоом тоглохыг хүссэн тайландууд болон гадаадын жуулчид хууль бус мөрийтэй тоглоомын газруудаар үйлчлүүлэх, эсвэл Зүүн өмнөд Азийн бусад орнууд болох Камбож, Макаог зорихоос аргагүйд хүрдэг байна.

Тус улсын Төлөөлөгчдийн танхим казиног хуульчлах тухай тайланг өнгөрсөн оны нэгдүгээр сард баталсан ч өдгөө хугацаа нь дуусгавар болсноос гадна шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор цаашид хэлэлцэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байсан юм. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар сонгогдон гарсан шинэ Төлөөлөгчдийн танхим казиног хуульчлах тухай хуулийн төслийг дахин нягталж, казино байгуулахтай холбоотой тусгай хорооны судалгааны тайланг өнгөрөгч сарын 28-ны өдөр баталсан юм. Уг тайланг батлах нь казиног хууль ёсны болгох эхний алхам бөгөөд Засгийн газар тус тайланд үндэслэн казино байгуулах төлөвлөгөөний төслийг боловсруулан Конгресст өргөн мэдүүлж, санал хураалт явуулах ёстой. 28-нд болсон санал хураалтаар Төлөөлөгчдийн танхимын 257 гишүүний 253 нь уг тайланг батлахыг дэмжсэн юм.

Энэхүү тайланд казино, зочид буудал, худалдааны төв, соёл амралтын хүрээлэн зэргийг багтаасан томоохон хэмжээний амралт, зугаалгын цогцолбор байгуулах төсөл багтжээ. Тависин энэхүү цогцолборыг хаана байгуулах талаарх тодорхой мэдээллийг дурдаагүй ба нийт талбайн ердөө 3-10 хувийг казино эзэлнэ хэмээн тэрээр онцолсон юм.

Тайландын засгийн газар казиног ийнхүү хуульчлахаар төлөвлөж буйн гол шалтгаан цар тахлын үеэр огцом буурсан жуулчдын тоог хурдан хугацаанд сэргээхээр зорьж буйтай холбоотой. Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын зээлжих зэрэглэлийн S&P Global агентлагийн зүгээс гаргасан зах зээлийн тайланд дурдсанаар 2019 оны байдлаар Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) гадаадын жуулчдын оруулсан хувь нэмэр 11.5 хувьд хүрсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Жуулчдыг татахад томоохон хувь нэмэр болох ч нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаварыг ч анхаарахгүй өнгөрүүлж болохгүй.

Тайландыг зорих гадаадын жуулчдын тоо 2019 онд 40 сая орчим байсан бол 2022 онд ердөө 11 сая орчим болон огцом буурчээ. Харин өнгөрсөн жил 28 сая болтлоо нэмэгдсэн хэдий ч энэ нь цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл сэргэж чадаагүй байна. Тайландын засгийн газар энэ онд 35 сая гадаадын жуулчдыг татах зорилт тавьж, аялал жуулчлалын орлогыг 55 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй аж.

Тайландын засгийн газар каннабисыг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгэн гол хөшүүрэг хэмээн үзэж 2022 оны зургадугаар сард хуульчилсан билээ. Мөн оны долдугаар сараас эхлэн гадна талбайд амны хаалт заавал зүүх журмыг халж, баар болон бусад цэнгээний газруудын ажиллах цагийг цар тахлын өмнөх шиг буюу шөнийн 2 цаг хүртэл сунгасан юм. Өнгөрсөн сард Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вансупакикосол "аялагчдын аюулгүй байдлыг хангах" зорилгоор гэмтэж бэртсэн гадаадын жуулчдад 500,000 бат олгох хуулийг санаачлан батлуулсан ба ирэх наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Түүнчлэн Тайландын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 27-ны өдөр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах хуулийн төслийг баталж, Тайланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эрхийг баталгаажуулсан Зүүн өмнөд Азийн анхны орон болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын орон нутгийн аялал жуулчлалын салбарын ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс Тайландыг зорих бэлгийн цөөнх аялагчдын тоо цаашид нэмэгдэнэ гэж таамагласан байна.

Гэхдээ жуулчдыг татах зорилготой энэмэт бодлого удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй юм. Учир нь тус улсын Эрүүл мэндийн сайд Чон Нан Шри Кау энэ сард гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа каннабисын хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг ирэх сард засгийн газарт өргөн барьж, энэ оны эцэс гэхэд парламентаар батлуулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр каннабисыг хууль ёсны болгосноос хойш "зугаацах” зорилгоор хэрэглэх нь маш хурдацтай нэмэгдэж байгааг хэлээд "Хэрэв каннабисыг зохицуулах хууль тогтоомжийг батлахгүй бол дараа харамсаж мэднэ. Каннабисыг ямар ч зохицуулалтгүй хэрэглэх нь Тайландын хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлж байна" гэж онцлон тэмдэглэв. Тэрээр үргэлжлүүлэн "Энэ нь урт хугацаандаа сэтгэцэд нөлөөлөх илүү хүчтэй эм, бэлдмэлийг хэрэглэхэд хүргэж болзошгүй. Харин анагаах ухааны чиглэлээр хэрэглэх нь нээлттэй хэвээр байх болно” гэж онцолжээ.

Эрүүл мэндийн яамнаас өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд каннабисыг “зугаацах” зорилгоор ашиглаж буй этгээдүүдийг 60.000 хүртэлх батаар торгохоор тусгасан байна. Түүнчлэн “зугаацах” зорилгоор каннабис болон уг ургамлын тосон хандыг худалдсан этгээдэд нэг жил хүртэлх хорих ял оноохоос гадна үүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг хориглохоох тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүйгээр каннабис тарьсан этгээдийг 1-3 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэнэ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03