Киприйн ютүбер Европын парламентын гишүүнээр сонгогджээ
6 сарын 11. 17:290

Киприйн алдартай ютүбер Фидиас Панайоту бие даан нэр дэвшиж, Европын парламентын гишүүнээр сонгогджээ.

Ф.Панайоту өөрийгөө “мэргэжлийн алдаа гаргагч” гэж тодорхойлж байсан удаатай бөгөөд түүний цахим сүлжээн дэх зарим үйлдлүүдээс дурдвал, Илон Маск зэрэг 100 алдартныг тэврэхийг оролдож байснаас гадна, авсан дотор долоо хоногийг өнгөрүүлж байсан аж.

Өдгөө 24 настай энэ залуу 2.6 сая гаруй дагагчтай бөгөөд улс төрийн туршлагагүй хэдий ч 19.4 хувийн санал авснаар гуравдугаарт жагссан байна. Ф.Панайоту төрийн мэдлийн CyBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ, үнэхээр цочирдмоор, гайхамшигтай үйл явдал боллоо гээд, намууд үүнийг шинэчлэлт хийж, ард түмнийхээ үгийг сонсох ёстой гэсэн анхааруулга хэмээн харах ёстой гэж хэлжээ.

Өнгөрсөн онд Ф.Панайоту галт тэрэгний тасалбар, таван одтой зочид буудлын өглөөний цайны төлбөрөөс зайлсхийсэн бичлэгээ байршуулж, япончуудын дургүйцлийг төрүүлж байсныхаа төлөө уучлалт гуйж байжээ. Олон сая хандалт авсан уг бичлэгт тэрбээр Япон орноор суман галт тэргээр аялах үеэрээ бие засах газарт нуугдах, өвчтэй мэт дүр эсгэх зэргээр тасалбар авахаас бултаж байгаа нь харагдана.

Тэрбээр ням гарагт Киприйн нийслэл Никосиа хотын Элефтериа талбайд цугларсан олны хамтаар ялалтаа тэмдэглэх үеэрээ, “Бид түүх бичиж байна. Зөвхөн Кипрт төдийгүй олон улсын хэмжээнд түүх бичиж байна” хэмээн хэлжээ. “Политико” сонинд мэдээлснээр, Ф.Панайоту сонгуульд оролцохоо нэгдүгээр сард мэдэгдсэн байна.

Нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө тэрбээр хэзээ ч саналаа өгч байгаагүй, улс төр, Европын Холбооны талаар мэдлэг багатай гэдгээ хүлээн зөвшөөрч байсан хэдий ч удаан хугацааны турш үргэлжилсэн засаглалыг тэвчиж чадахгүй гэдгээ хэлж байжээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэхдээ, сонгогдохын төлөө бус, харин залуучуудыг улс төрд оролцох сэдэл төрүүлэх зорилгоор нэр дэвшиж байгаа гэсэн байна.

Газар дундын тэнгисийн арлын Кипр улс нь 900 мянга орчим хүн амтай бөгөөд 683 мянга гаруй иргэн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон санал хураалтад оролцох эрхтэй байлаа. Киприйн сонгуулийн ирц 59 хувьтай байсан нь 2019 онд 45 хувь байсантай харьцуулахад өсжээ. Шинжээчид сонгогчдын идэвх оролцоо нэмэгдсэнийг зарим талаар “Панайотугийн нөлөө”-тэй холбон тайлбарлаж байна. “Philenews” мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр ютүбер залуу 18-24 насны сонгогчдын 40 хувийн, 25-34 насныхны 28 хувийн саналыг тус тус авчээ.

Кипрээс Европын парламентад зургаан гишүүн сонгогдсон юм. Ф.Панайотугийн хувьд Европын парламентад хоёр суудлаа хадгалж чадсан консерватив үзэлт DISY нам (25%), хоёр гишүүнийнхээ нэгийг алдсан Коммунист AKEL намын (22%) нарын дараа гуравдугаарт оржээ. Киприйн сонгогчид мөн хэт үндсэрхэг үзэлтэй ELAM нам (11%), төвч үзэлт Diko (10%) намаас Европын парламентын гишүүнийг сонгосон байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52