
Тэрбумтан Илон Маскийн Neuralink старт-ап компани хүн дээрх анхны туршилтаа хийхээр хүмүүсийг бүртгэж эхэлжээ.
Тархи болон компьютер нэгэн цэгт огтлолцон ажиллах уг технологийн зорилго нь хүний тархийг компьютертой холбож, тархинаас дамжуулах дохиог бүртгэн тусгай аппликейшнд дамжуулах юм. Ингэснээр тархины саажилттай хүмүүсийн тархинаас дамжуулах дохиог тухайн аппликейшн тайлж, хэл ярианы бэрхшээлтэй хүн гэхэд эл технологийн тусламжтайгаар бусадтай харилцах боломжтой болох билээ.
Тийнхүү лхагва гарагт BBC агентлагаас мэдээлснээр Neuralink компани анхны туршилтдаа оролцох хүмүүсийг бүртгэж эхэлсэн гэнэ. Тэдний зүгээс тавдугаар сард уг технологио хүн дээр турших эрхийг авсан бөгөөд эхний ээлжид 10 хүн дээр туршихаар тохирсон ажээ. Гэвч уг тоог эцсийн байдлаар зарлаагүй байгаа юм. Үйл явдлын хүрээнд BBC сувгаас мэдээлсэн дагуу тэд туршилтыг 4 мөч нь саажсан хүмүүс дээр хийх гэнэ.
Мөн тэдний мэдэгдсэнээр судалгаа дор хаяж 6 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд судалгаанд оролцогчид дор хаяж 22 настай байх ёстой гэжээ.
Эх сурвалж: BBC