В.Путин Холбооны хуралд жил тутмын илгээлтээ сонсголоо
3 сарын 1. 16:080

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу парламентад жил тутам танилцуулдаг илгээлтээ сонсголоо. Энэ удаагийн илгээлт хамгийн удаан буюу 2 цаг 6 минут үргэлжилжээ.

Түүний илгээлтийн гол хэсэг нь дотоодын нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлуудыг хөндсөн бөгөөд 2030 он хүртэлх болон түүнээс цааших ирээдүйд чиглэсэн байв.

Гадаад бодлогын тухайд

В.Путиний хэлснээр, Барууныханд Орос бус хараат бөгөөд мөхөж буй орон зай хэрэгтэй байгаа бол ОХУ өөрийн замыг өөрөө тодорхойлох болно.

Тэрбээр Оросыг сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг эрмэлзэж байна гэж буруутгасныг ор үндэсгүй гэж мэдэгдсэн ба Орос улс Европ руу довтлохоор зэхэж байна гэх үгийг "дэмий хоосон яриа" гэлээ.

НАТО-гийн цэргийг Украин руу илгээвэл үр дагавар нь эмгэнэлтэй байх болно гэж В.Путин онцгойлон тэмдэглэв. "Бидэнд ч мөн тэдний нутаг дэвсгэр дээрх байг онох зэвсэг бий" гэж тэрбээр анхааруулжээ.

Түүний хэлснээр, ойрын ирээдүйд Евразид тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ чиглэл бий болгохын төлөө ажиллах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.

Нийгмийн бодлогын тухайд

В.Путин хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг танилцуулж, “Гэр бүл” үндэсний шинэ төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, гэр бүлийн ипотекийн зээлийн болон эхэд олгох тэтгэмжийн хөтөлбөрийг 2030 он хүртэл сунгахыг санал болгожээ. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа үзүүлэх татварын хөнгөлөлтийг сард 2800 рубль, гурав дахь болон дараагийн хүүхдүүдээ төрүүлсний дараа үзүүлэх хөнгөлөлтийг сард 6000 рубль болгож нэмэгдүүлэхийг санал болголоо.

Оросын Ерөнхийлөгч илгээлтдээ ирэх зургаан жилд төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэх, мөн 2030 он гэхэд иргэдийн дундаж наслалтыг 78 болгох зорилт тавьжээ.

Түүнчлэн хүн амыг дэмжих хүрээнд 2030 он гэхэд ядуурлын түвшнийг 7 хувиас доош болгож бууруулахыг зорьж байна. Үүнээс гадна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2030 он гэхэд 35 мянган рубльд хүргэхээр төлөвлөжээ.

Хийгээр хангах нийгмийн хөтөлбөрийг цэцэрлэгжүүлэлтийн нөхөрлөл болгон өргөжүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. В.Путин мөн хүн амын эрүүл мэндийн байдлыг шалгах, эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамирыг сурталчлах зорилготой "Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн" /ХБХБ/ тэмдгийн нормыг биелүүлсэн, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг хүмүүст 2025 оноос татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Боловсролын сэдвийг хөндөхдөө В.Путин "Оросын залуучууд" үндэсний төслийг танилцуулж, түүний хүрээнд сургууль, коллежийн бүх зөвлөх, боловсролын захирлуудыг цалин хөлстэй болгохоо амлав.

В.Путины хэлснээр, Оросын эдийн засгийн өсөлтөд учирч буй гол эрсдэл бол боловсон хүчин, технологийн хомсдол гэдгийг харгалзан үзсэний үндсэн дээр “Боловсон хүчин” төслийг эхлүүлэхээ мэдэгдэв.

Оросын Ерөнхийлөгч мөн шинжлэх ухаанд оруулах төр, бизнесийн нийт хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-д эзлэх хувийг 2 хувьд хүргэхийг шаардав. Энэ үзүүлэлтээр ОХУ дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх гүрнүүдийн нэг болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх бодлогын тухайд

В.Путин компаниуд болон хувь хүмүүст ногдуулах татварыг шударгаар ялгавартай тогтоохыг санал болгов. Тэрбээр татварын тогтолцоог яг ямар байдлаар өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа илгээлтдээ дурдсангүй. Түүний зарласан өөр нэг шинэлэг санал бол даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлсэн байдлаар олгох гурван жилийн хугацаатай буцалтгүй хадгаламжийн гэрчилгээ юм. Үүнээс гадна, В.Путин 2025 оноос эхлэн бизнес эрхлэгчдэд хяналт шалгалт хийхийг түр зогсоодог практикаас татгалзаж, эрсдэлд чиглэсэн арга руу шилжихийг санал болгов. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын өршөөл үзүүлэхийг санал болгожээ.

Өөр нэгэн шинэ үндэсний хэмжээний төсөл бол "Өгөгдөлд суурилсан эдийн засаг" байх бөгөөд түүний санхүүжилтэд хамгийн багадаа 700 тэрбум рубль хуваарилна. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд эдийн засаг, нийгмийн хүрээний бүх гол салбаруудад дижитал платформ бий болгох бөгөөд энэ нь "иргэд, бизнес, төр хоорондын харилцааг оновчтой болгох боломжийг бүрдүүлнэ".

В.Путин мөн төсвөөс авсан бүс нутгуудын зээлийн өрийн 2/3-ыг тэглэхийг санал болгов. Хэмнэгдсэн 200 тэрбум рублийг хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг дэмжихэд зарцуулах ёстой гэж тэрбээр хэлжээ.

Илгээлтээ сонсгох үеэрээ Ерөнхийлөгч В.Путин "Орос улс 2030 он гэхэд аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд 620 тэрбум гаруй рубль хуваарилна гэж мэдэгдэж, 2030 он гэхэд ОХУ-ын эрчим хүчний бус экспортыг гуравны хоёроор нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэв. Мөн Оросын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх ёстой.

Түүнчлэн тус улсад 1 тэрбум рублийн гарааны хөрөнгө бүхий байгаль орчин, байгалийн төслүүдийн сан байгуулна гэж мэдэгдэв.

Оросын удирдагч илгээлтийнхээ төгсөлд цэргийнхэнд талархал илэрхийлж, цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, арын албаныхан, цэрэг дайчид бол Оросын элитүүд гэж үзэх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.


Эх сурвалж: Интерфакс /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35