Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
6 сарын 28. 5:100

Amazon Web Services, Google, Microsoft зэрэг компаниудын араас Apple компани ч мөн Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 25-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Apple компани Тайванийн хойд хэсэгт дата төв барихад 100 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нарийн төлөвлөгөөгөө энэ оны эцэс гэхэд тодорхой зарлах аж.

Хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанитай хамтран хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч бүтээж байгаа Apple компани NVIDIA-г хянахын тулд ийнхүү Тайваньд дата төв барихаар төлөвлөж буй бололтой хэмээн зарим шинжээчид таамагласан байна.

Apple компани нь нэлээд хэдэн жилийн өмнөөс дата төвийн серверт хиймэл оюун ухааны программ хангамжийг тооцоолох боломжтой чип бүтээх зорилгоор TSMC-тэй нягт хамтран ажиллаж байгаа билээ.

Нэмж дурдахад NVIDIA компани нь саяхан Тайваньд хиймэл оюун ухааны супер компьютерийн хоёр дахь төвийг байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд Amazon Web Services ч ойрын 15 жилийн хугацаанд дата төв байгуулахад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Google дата төвийн бүтээн байгуулалтад 40 тэрбум Тайван долларын хөрөнгө оруулалт хийснээ саяхан зарласан юм.

NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Тайвань гаралтай Женсен Хуан саяхан Тайванийг хиймэл оюун ухааны технологийн суурь бааз гэж онцолсонтой холбоотойгоор үүлэн үйлчилгээний салбарын томоохон төлөөлөгчид Тайвань руу хошуурч байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн байна.

Дата төв нь серверийн компьютер дээр өгөгдөл цуглуулдаг байгууламж бөгөөд хиймэл оюун ухаан, үүлэн үйлчилгээ, дата анализ зэрэг шинэ технологийн үндэс суурь болдог гол дэд бүтэц гэж хэлж болох юм.

Google, Microsoft, Amazon зэрэг томоохон технологийн компаниуд одоогийн хиймэл оюун ухааны эрин үед дата төвүүдийг эрчимтэй байгуулж, өргөжүүлсээр байгаа бөгөөд бодит цаг хугацаанд суурилсан датаг ашиглах эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр улс орнуудын засгийн газар дата төвүүдийг өөрийн улсад татах тал дээр ихээхэн анхаарал хандуулах болжээ.

Тайвань ч дата төвүүдийг татахын тулд тун идэвхтэйгээр тууштай бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Тодруулбал 2010 оны 9-р сард хиймэл оюун ухаан, “Internet of Things” (IoT) буюу интернэтэд холбоотой төхөөрөмж, биет зүйлс зэрэг шинэ технологийн чадавхийг хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн суурь дээр нэгтгэх стратеги бүхий "Азийн Цахиурын хөндийн хөгжлийн төлөвлөгөө"-г зарлаж байсан ба үүнээс жилийн дараа Google компани Тайванийн Чанхуа мужид Азийн анхны дата төвөө барихаар болсноо зарласан юм. Улмаар энэхүү дата төвийн бүтээн байгуулалтад хоёр жилийн хугацаанд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнчлэн 2018 онд Тайвань өөрийн “Азийн хамгийн том хиймэл оюун ухааны судалгаа, хөгжлийн төв" болгох "Ухаалаг Тайвань" стратегиа зарлаж, хиймэл оюун ухааны салбарын 5000 боловсон хүчнийг мэргэшүүлж эхэлсэн юм. Энэхүү стратегийн ачаар 1 тэрбум Тайвань долларын хөрөнгө оруулалт бүхий Microsoft компанийн "Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжлийн төв" мөн онд Тайваньд баригдаж эхэлсэн билээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайванийг бүхэлд нь хамарсан 7.4 магнитудын газар хөдлөлт болсны улмаас TSMC компани цахилгаан, эрчим хүчний тасалдалд өртсөн шиг асуудал үүсэх вий гэх болгоомжлол салбарынханд үүссэнийг шинжээчид онцлов.

Тайваниас гадна Япон, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг дэлхийн улс орнууд дэд бүтцийн гол байгууламж болох дата төвүүдийг татах талаар засгийн газрын түвшинд ихээхэн анхаарал хандуулсаар байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зах зээлээс чимээгүй алга болсон Nike-д байр сууриа эргүүлэн олоход багагүй хугацаа шаардагдах бололтой
02024-6-30 2:09
2030 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн гуравны нэгийг Хятад эзэлнэ
02024-6-29 23:21
БНАСАУ-ОХУ-ыг холбосон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн ирэх сард сэргэнэ
02024-6-29 1:59
Google, Amazon, Microsoft-ын араас Apple компани Тайваньд дата төв байгуулахаар төлөвлөжээ
02024-6-28 5:10
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30