Умард Солонгос ойрын зайн тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харважээ
9 сарын 13. 10:030

Умард Солонгосоос Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд харвасан гэж Өмнөд Солонгосын армийн удирдлага мэдэгджээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаагийнхаа төлөөсийг төлөх болно гэж Пёньян анхааруулснаас хойш долоо хоногийн дараа эдгээр пуужинг харвасан байна.

“Умард Солонгосын пуужингууд 360 орчим км зайг туулсныхаа дараа Япон тэнгист унасан” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо /JCS/ мэдэгджээ. Пёньян орчмын бүсээс өнөө өглөөний 07:10 цагийн орчимд хөөргөсөн пуужинг илрүүлсэн гэж тус хорооноос мэдэгдсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Ниссэн зайг харж дүгнэхэд, пуужингуудыг өмнө зүг рүү харвасан бол Өмнөд Солонгосын томоохон хотууд болох Сөүл, Тэжон, мөн Керён, Кунсан дахь цэргийн гол объектуудад хүрэхээр байна. Өнөө өглөө 3-4 пуужин харвасан гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн уг явдлыг Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлж буй “өдөөн хатгасан үйлдэл” хэмээн буруушаагаад хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Долоодугаар сарын 1-нд Умард Солонгосын талаас хоёр баллистик пуужин харвасан юм. Тэдгээрийн нэг нь ойрын зайн тусгалтай байсан бол нөгөө пуужин нь тус улсын нутагт унасан байна.

Өмнөд Солонгос, АНУ-ын цэргүүд “Эрх чөлөөний бамбай” хамтарсан сургуулилалт хийсний дараа Умардын тал өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, “өдөөн хатгасан дайны” сургуулилалт хийснийхээ төлөөсийг төлөх болно гэж анхааруулсан юм. Уг цэргийн сургуулилалтыг улс орон руу нь халдан довтлох зорилготой гэж Пёньян буруушаасаар иржээ. Харин холбоотнуудын зүгээс цэргийн сургуулилалт нь батлан хамгаалах зорилготой гэж мэдэгддэг.

JCS-ийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сон Жун ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгөх үеэрээ, Умардын тал саяхан болсон Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэн пуужин харвасан байж магадгүй, эсвэл Орос руу экспортлох пуужингуудаа туршсан байх магадлалтай гэж мэдэгджээ.

Мөн энэ долоо хоногийн эхээр Орос, Хятадын тэнгисийн цэргийн томоохон сургуулилалт эхлээд байгаа энэ үед пуужингуудыг харвасан байна.

Умард Солонгос лхагва гаргийн шөнө хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөд рүү илгээснээс хойш хэдхэн цагийн дараа дээрх туршилтыг хийсэн гэж JCS мэдээлжээ. Нийт 20 орчим агаарын бөмбөлөг хөөргөсөн боловч тэдгээр нь хилийн шугамыг давж чадаагүй байна. Улмаар пүрэв гаргийн өглөө агаарт ямар ч бөмбөлөг харагдаагүй ажээ.

Өмнөд Солонгос дахь дүрвэгчид болон идэвхтнүүдийн хил дамнуулан илгээсэн Пёньяны эсрэг ухуулах хуудасны хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сарын сүүлээс хойш хогтой уут дүүжилсэн агаарын олон мянган бөмбөлгийг Өмнөд рүү илгээжээ. Агаарын бөмбөлөг хөөргөсний хариуд Өмнөдийн цэргийнхэн долоодугаар сарын 21-нээс хойш өдөр бүр Умард Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгүүдийг хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар цацаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38