Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
9 сарын 17. 15:120

Ихэнх ажилтнуудын адил Лаура Этчелс даваагаас баасанд 09:00-17:00 гэдгээс илүү уян хатан хуваарьтай ажиллахыг мөрөөддөг байжээ. Хоёр хүүхдийн ээж тэрээр Вест Йоркшир дэх нэгэн хэвлэлийн газарт ажлын дөрвөн өдөртэй хуваарийн дагуу ажиллаж байгаа гэнэ.

Түүний мэдээлж байгаагаар нэг өдөр илүү амрах(түүний хувьд баасан гараг) нь хүүхдэд зарцуулах мөнгийг л гэхэд сард 350 еврогоор хэмнэж байгаагаас гадна ажилдаа улам идэвхтэй, бүтээмжтэй болоход их нөлөөлж байгаа аж.

Түүний тайлбарласнаар ажлын цаг урт, өдөр олон байх тусам аливаа ажлаас халшрах, яахаа мэдэхгүй эргэлзэж гацах үе их гардаг байсан гэнэ. Иймд тэрээр одоо өөр ажилд орлоо ч заавал долоо хоногийн дөрвөн өдөрт ажилладаг хуваарьтай байгууллага сонгоно гэжээ.

“Хүүхдийн зардал хэмнэх нь гол шалтгаан биш ээ. Гэхдээ нэг чухал шалтгаан мөн. Ажлын дөрвөн өдөртэй байхын хамгийн сайн тал нь ажлаа ч амжуулж, хүүхдүүдтэйгээ ч хамт байхад оршиж байна” гэж тэр ярьжээ.

Энэ сарын эхээр ИБУИНВУ-ын Шадар сайд Анжела Рэйнер, Бизнесийн нарийн бичгийн дарга Жонатан Рэйнолдс нар удахгүй хэлэлцэх Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төслийн ажлын хүрээнд төлөвлөгөөгөө хэлэлцэхээр бизнесийн удирдагчидтай уулзжээ.

Дөрөвдүгээр сараас эхлээд тус улсад ажилтнууд ажилд орсон өдрөөсөө эхлэн ажил олгогчоос шахуу цаг буюу ажлын дөрвөн хоног гэх мэт уян хатан нөхцөл шаардах эрхтэй болсон боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ удаагийн уулзалтын үр дүнд ажил олгогч нар ажилтны уян хатан нөхцөл шаардсан шаардлагыг эсэргүүцэх, үгүйсгэх аргагүй болоход чиглэсэн бололтой.

Өдгөө ажилчид ажлын уян хатан хуваарьтай болохын тулд ажил олгогчоо ятгаж, “сэнхрүүлэх” шаардлагатай байдаг бол шинэ төлөвлөгөөний дагуу ажил олгогч нь ажилтныг чухам яагаад ажлын дөрвөн өдөр ажиллуулахаас татгалзаж байгаагаа нарийн шалтгаан, үндэслэлтэйгээр тайлбарлах шаардлагатай болох аж.

Гэвч энэ тохиолдолд бидний ойлгодог ажлын дөрвөн өдөр буюу ажлын цаг багасаж, цалин хэвээрээ үлдэх тухай ойлголт биш юм. Дээрх төлөвлөгөө ёсоор бол ажилтнуудын ажлын хэмжээ, цаг өөрчлөгдөхгүй, зүгээр л хуваарь нь өөрчлөгдөх гэнэ. Жишээлбэл, дөрвөн өдөр ажиллахын тулд нэг өдөрт 10 цагаар бодох гэх мэт.

Лаурагийн ажил олгогч Эмэралд Паблишны мэдээлж байгаагаар ажилтнууддаа янз бүрийн уян хатан ажлын хуваарь санал болгосноор мэдэгдэхүйц сайн өөрчлөлтүүд гарч байгаа гэнэ.

Гэхдээ тус компанийн энгийн хуваариар ажилладаг хууль болон хүний нөөцийн мэргэжилтний хэлж байгаагаар янз бүрийн хуваариар ажилладаг хүмүүстэй ажиллахад янз бүрийн асуудал үүсдэг гэнэ.

“Ядаргаанд орж байна”

Программ хангамжийн Кортекс компанид ажилладаг Жэйсон Мэжий харин Лаурагаас өөр бодолтой байгаа аж. Наймдугаар сард түүний ажилладаг компани ажлын тав биш, дөрвөн өдөрт гучин таван цаг ажиллаж үзсэн гэнэ.

Эхэндээ тэрээр шинэ хуваарийг ихэд сонирхон, баяртай хүлээн авч, баасан гаргийн амралтаа үр дүнтэй өнгөрөөнө гэж боджээ. Гэвч түүний хувьд ажлын дөрвөн өдөр уртасгасан цагаар ажиллах нь илүү бэрх, бүтээмж муутай байсан гэнэ.

“Долоогоос найман цаг ажиллаад ирэхээр цаанаасаа ядраад, хэвийн ажиллаж чадахаа байчихдаг юм байна” хэмээ тэр ярьжээ.

Компанийн ажлын хуваарийг сольж үзэх санаачилга гаргасан үүсгэн байгуулагчдын нэг Мэтт Торнтон “Манай компанийн ажилчид уг нь тарах цагаа хүлээж аргаа бардаггүй байлаа. Гэвч туршилтын хугацаанд бид ажил гараас гарч байгаа эсэхэд биш, тарах дөхөж байна уу, үгүй юу гэдэгт л анхаардаг болсон. Манайх бол программ хангамжийн компани. Долоо хоног тутмын биш, илүү урт хугацааны зорилго төлөвлөгөөтэй. Гэвч ажлын цагийг шахсанаар ажлаас илүү цаг чухал болсон” хэмээн ярьжээ.

Иймд Кортекс одоо долоо хоногийн дөрвөн өдөр, гэхдээ энгийн ажлын цагаар буюу нэг өдөр дутуу ажилладаг хуваарь туршиж байгаа гэнэ. Улмаар ажлын бүтээмж сайжирч байгаа нь илт мэдэгдэж байгаа аж.

“Ажил дээрээ жаргалтай байна”

Шахуу хуваариар ажиллахын ашигтай талыг судалсан судалгаа хомс байдаг. 2023 онд хийсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдэгдлээр бол “Одоогоор ил буй судалгааны тайлангуудаас харахад шахуу ажлын хуваарь ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад ерөнхийдөө эерэг нөлөөтэй харагдаж байна” гэжээ. Гэвч үргэлжлүүлэн “Гэхдээ ажил, амьдралын тэнцвэрээс бусдаар ажилтны бие болон сэтгэлийн эрүүл мэндэд энэ хуваарь хэрхэн нөлөөлдөг талаар судалсан судалгаа цөөн байна” гэжээ.

Сэтгэцийн сувилагч ажилтай Келли Буртоны хувьд дээрх хуваариар долоодугаар сараас хойш ажиллаж үзэхэд ажил, амьдралын тэнцвэр маш сайн болж байгаа гэнэ. Тэрээр “Би ажил дээрээ жаргалтай байдаг. Амралтын нэг илүү өдрөөрөө настай ээж аавыгаа асарч, нөгөө хоёр өдрийг нь өөртөө зориулж чадаж байгаа” гэжээ.

Түгээлийн ажилтай Питер Мэахам 2020 оны есдүгээр сараас хойш дээрх хуваариар ажиллаж байгаа гэнэ. Түүний хувьд ч гэсэн ажлын дөрвөн өдөртэй байх амьдралд нь сайнаар нөлөөлж байгаа гэжээ.

Келли, Питер хоёр хоёул даргадаа ажлын хуваарь өөрчлөгдсөн ч хийх ёстой ажлаа яг ижил бүтээмжтэй хийж чадна гэж итгүүлэн хуваариа өөрчилж байжээ.

Питер даваа, пүрэв, баасан, бямба гарагт ажиллаж, мягмар, лхагва гарагт хоббигоороо илбэ үзүүлж, ням гарагт бүтэн амардаг гэнэ.

Тэрээр ийм хуваарьтаа дассан бөгөөд цаашид шинэ ажилд орохоор бол уян хатан хуваариар ажиллаж болдог эсэхийг нь заавал харах гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04