Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
9 сарын 18. 9:040

 

Цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Amazon компани алсын зайнаас ажиллах журмаа цуцалжээ. Тус компани нь өнгөрсөн оны тавдугаар сард долоо хоногийн гурван өдөр заавал оффисоос ажиллахыг журамлаад байсан билээ.

Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси орон нутгийн цагаар 16-ны өдөр дотоод сүлжээгээрээ дамжуулан ажилчдадаа илгээсэн захидалдаа, "”Ковид-19” цар тахал дэгдэхээс өмнө долоо хоногт хоёр өдөр алсын зайнаас ажиллах нь боломжгүй зүйл байсан билээ. Тэгвэл цаашид ч бид энэ журмаа баримтлахаар шийдлээ. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдал, хүндэтгэх шалтгаангүй л бол долоо хоногийн таван өдөр оффистоо ирж ажиллах шаардлагатай гэсэн үг юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус компани нь цар тахлын дэгдэлтийн үеэр бусад байгууллага, компаниудын нэгэн адилаар ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрч байсан ба өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн долоо хоногийн гурваас доошгүй өдөр оффисоос ажиллах журмыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Улмаар энэхүү шийдвэрийн хүрээнд ихэнх ажилчид нь долоо хоногийн гурван өдөр ажилдаа ирж, хоёр өдөр гэрээсээ ажилладаг байв.

Ноён Жасси “Өнгөрсөн таван жилийг эргээд харахад оффис дээр хамт олонтойгоо цуг ажиллах нь олон давуу талтай гэдгийг мэдрүүлсэн цаг хугацаа байлаа. Оффисдоо сурч, дадлагажихад илүү хялбар байх нөхцлийг бид ажилчдадаа бүрдүүлж өгөхөд анхаарлаа” хэмээн өгүүлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Ингэснээр ажилчид бие биедээ зааж, мөн суралцахад уян хатан, хялбар болсон бөгөөд багууд өөр хоорондоо илүү сайн уялдаа холбоотой ажиллаж чаддаг болсон. Түүнчлэн хамтын ажиллагаа, оюун санааны довтолгоо, шинэ бүтээлийн санаачлага гаргах зэрэгт их үр дүнгээ өгч байна гэж бодож байна” хэмээн дурдав.

Цар тахлын дэгдэлт намжаад гурван жилийн нүүрийг үзэж байгаа ч АНУ-д алсын зайнаас ажилладаг хүмүүсийн тоо харьцангуй өндөр хэвээр байгаа юм. Энэ нь алсын зайнаас ажилладаг хүмүүсийн тоо аажмаар буурсаар цар тахлын өмнөх түвшинд эргэн ирж байгаа Европ, Азитай харьцуулахад сонирхолтой үзэгдэл юм.

Үүний шалтгаан нь нийтийн тээврийн систем, орон сууцны дэд бүтцийн ялгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарласан. Тодруулбал Ази, Европын нийтийн тээвэр АНУ-ыг бодвол илүү хөгжсөний дээр найдвартай тул ажилдаа ирж очиход богино хугацааг зарцуулдаг. Тэрчлэн АНУ-ын хөдлөмөрийн насныхан хотын захад цэлгэр байшинд амьдардаг тул жижиг талбайтай орон сууцанд амьдардаг азиудаас илүү гэрээсээ ажиллах орчныг хялбархан бүрдүүлэх боломжтой байсан нь дамжиггүй.

Энэ мэт шалтгааны улмаас цар тахлын дэгдэлтээс хойш АНУ-ын албан байгууллага, компаниуд бүтэн цагаар алсын зайнаас ажилладаг системийг бүрмөсөн халахын оронд ажилчдадаа долоо хоногт хоёр өдөр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлсэн холимог системийг ихэнх нь хэрэгжүүлж байсан юм. Сүүлийн үеийн статистик мэдээллээр өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар аж ахуй нэгжүүдийн 38 хувь нь оффисоос бүтэн цагаар ажиллахыг ажилчдаасаа шаардаж байсан бол 62 хувь нь ажлын өдрүүдийн холимог системийг мөрдөж байсан юм. Тухайлбал Google компанийн хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард долоо хоногт гурван өдөр офиссоос ажиллах журмыг мөрдөж эхэлсэн бол Apple болон Meta ч мөн оны есдүгээр сард долоо хоногт гурван өдөр оффисоос ажиллахаар болсон билээ.

Тэгвэл Amazon компани ийнхүү ажлын таван өдөр оффисоос ажиллах журмыг баримтлахаар болсноо зарласан анхны томоохон компани болж буй юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт ажилчдын эсэргүүцэл гарах төлөвтэй байна. Өнгөрсөн жилээс мөрдөж эхэлсэн долоо хоногт гурваас доошгүй өдөр оффисоос ажиллах журмыг ч тус компанийн ажилтнууд эсэргүүцэж байсан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04