Өнгөрсөн онд 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч ажил эрхлэлтийн түвшин илт өссөн талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) зүгээс мэдэгдэв. Гэвч ажлын байрны чанар, бүс нутаг болон хүйсийн тэгш бус байдал анхаарал татсан асуудал хэвээр байгааг онцолжээ.
ОУХБ-аас орон нутгийн цагаар 12-ны өдөр нийтэлсэн "2024 оны залуучуудын ажил эрхлэлтийн чиг хандлагын тайлан"-д дурдсанаар, өнгөрсөн онд залуучуудын ажилгүйдлийн түвшин 13 хувьд хүрсэн нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болохыг мэдэгдэв. Тодруулбал өнгөрсөн онд дэлхий даяар ажилгүй залуучуудын тоо 64.9 саяд хүрсэн байна.
Залуучуудын ажилгүйдлийн түвшин ийнхүү 13 хувьд хүрсэн нь “Ковид-19” цар тахлын өмнөх 2019 оны ажилгүйдлийн түвшинээс (13.8%) 0.8 пунктээр буурсан үзүүлэлт аж. Тус тайланд залуучуудын ажилгүйдлийн түвшин ирэх онд ч үргэлжлэн буурч, 12.8 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
Өргөн цар хүрээгээр харахад статистик үзүүлэлт сайжирсан дүр зурагтай байгаа ч орлого, жендэрийн тэгш бус байдлын асуудалд бүс нутгийн ялгаа байгааг ОУХБ цохон тэмдэглэв.
Тодруулбал уг тайланд "Өнгөрсөн жилийн залуучуудын ажилгүйдлийн дундаж түвшин 2019 оныхоос бага байсан ч Арабын бүс нутаг, Зүүн Ази, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутагт өнгөрсөн оны залуучуудын ажилгүйдлийн түвшин 2019 оныхоос өндөр байсан" болохыг дурджээ.
Түүнчлэн тус тайланд ажил эрхэлдэггүй, ямар нэгэн сургалт, боловсролын хөтөлбөрт хамрагддаггүй буюу “NEET” статустай залуучууд дэлхийн залуучуудын 20.4 хувийг эзэлж байгааг тодотгосон байна. Цаашлаад NEET статустай залуучуудын гуравны хоёр нь эмэгтэйчүүд байгаа аж.
Үүнтэй холбогдуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлт сайжирч байгаа ч чанартай ажлын байртай болох боломж хомс, ялангуяа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших боломжоор хангаагүй байна гэж тус тайланд тайлбарласан байна.
Эх сурвалж: SBS Biz