Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Америкийн сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Cisco Systems компани орон нутгийн цагаар 14-ний өдөр дэлхийн нийт ажиллах хүчнийхээ 7 хувийг цомхотгохоор болсноо зарлав.
Тус компанийн зүгээс энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан "компанийн үр ашигтай ажиллагааг дэмжиж, өсөлттэй шинэ салбарт хөрөнгө оруулах зорилготой” гэж тайлбарласан байна.
Энэ нь Cisco компанийн энэ онд хийж буй хоёр дахь ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт юм. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сард 4000 ажилтнаа цомхотгох болсноо зарлаж байсан билээ. Өнгөрсөн оны долдугаар сарын эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд тус компанид ажиллаж буй нийт ажилчдын тоо 85,000 байсан бөгөөд энэхүү бүтцийн өөрчлөлтийн цар хүрээ 5,000-6,000 ажилчдыг хамрах төлөвтэй байна.
Муу гүйцэтгэлээ сайжруулах тал дээр анхааран ажиллаж буй Cisco компани 20 жилийн өмнө болж байсан “доткомын хөөсрөлийн” үеэр зах зээлийн үнэлгээгээрээ хөрөнгийн зах зээлийг тэргүүлж байсан түүхтэй. Гэвч энэ түүхэн үйл явц нурах үед хувьцааны үнэ нь 80 хувиар унасан ч сүүлийн үед эрчийг аваад буй хиймэл оюун ухааны технологийн ачаар дахин сэргэж эхлээд байгаа юм.
Хэсэг хугацаанд намжсан Америкийн компаниудын “цомхотголын салхи” энэ оны сүүлийн хагаст дахин “сэвэлзэх” шинж тэмдэг илрэх болов.
Тухайлбал үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэгч Stellantis компани ч мөн АНУ дахь үйлдвэрийнхээ 2450 ажилчдыг цомхотгохоор төлөвлөж байгаагаа зарласан бол гүйцэтгэлийн цочролд ороод буй Intel 10 тэрбум ам.долларын өртөгтэй зардлаа бууруулах томоохон бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө зарлаад удаагүй байгаа билээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын “акулуудын” нэг Paramount pictures компани АНУ дахь ажиллах хүчнийхээ 15 хүртэлх хувийг цомхотгохоор шийдэх зэргээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил сулрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа энэ үед томоохон компаниуд ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бололтой.
Эх сурвалж: SBS Biz
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй