Ли Чян: Шинэ салбаруудад Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна
8 сарын 22. 12:060

Хятад улс уламжлалт салбаруудын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ шинээр хөгжиж буй салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг судлахын тулд Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян лхагва гарагт мэдэгдлээ.

Хятад, Оросын засгийн газрын тэргүүн нарын 29 дэх удаагийн уулзалтыг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй хамт даргалсны дараа Ли Чян Кремлийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхах үеэрээ ийнхүү хэлсэн байна.

Уулзалтын эхэнд Ли Чян БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг В.Путинд дамжуулав. Энэ онд хоёр орны төрийн тэргүүн нар хоёр удаа уулзаж, шинэ стратегийн төлөвлөгөө гаргасныг тэрбээр онцоллоо. Энэ онд Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа юм.

Хятад, Оросын харилцаа тогтвортой хөгжих нь хоёр улс, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно гэж Ли Чян хэлээд, хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, хоёр талын харилцааны хөгжлийн эрчийг хадгалах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү бодитой үр дүнд хүрэх чиглэлд Орос улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт гүнзгийрч байгаа нь хөгжлийн асар их боломжийг нээж байна гэж Ли Чян онцлон тэмдэглэсэн байна. Улмаар Орос улстай хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн инновацын гүйцэтгэх үүрэгт цаашид өндөр ач холбогдол өгч, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж нэмж хэлжээ.

Хоёр тал соёл, аялал жуулчлал, боловсрол, залуучууд болон иргэд хоорондын солилцоо, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, Хятад, Оросын найрамдалт харилцааг үеэс үед уламжлан хөгжүүлэх ёстой гэж Ли Чян хэлсэн байна.

Энэ зуунд үзэгдээгүй өөрчлөлтүүд дэлхий дахинд хурдацтай явагдаж буй энэ үед Хятад улс олон талт зохицуулалтыг бэхжүүлж, хөгжиж буй орнуудтай харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон туйлт ертөнц, эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжиж, олон улсын харилцааг зохицуулж буй үндсэн хэм хэмжээ, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Үүний хариуд В.Путин Хятадын удирдагч Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж буйгаа дамжуулахыг Ли Чянаас хүслээ. Энэ онд Орос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны харилцааны хөгжлийн түүхэнд мартагдашгүй дурсгалтай жил болж байна гэж В.Путин хэлэв.

Орос, Хятадын засгийн газрын тэргүүн нар өнөө өглөө жил тутмын уулзалт хийх явцдаа худалдаа, эдийн засаг, ард түмэн, соёлын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг В.Путин цохон тэмдэглээд, энэ нь Ши Жиньпин даргатай хийсэн тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж, үр өгөөжөө өгч буйг онцолжээ.

Орос улс Хятадын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, соёл урлагийн ба иргэд хоорондын солилцоогоо өргөжүүлж, БРИКС болон бусад олон талт механизмын хүрээнд харилцаагаа эрчимжүүлж, шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна гэж В.Путин хэллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18