Байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэдлэг, туршлага олгох, эко-тэмдэгжүүлэлт авахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Туршлага судлах аялал” зохион байгуулагдлаа
8 сарын 29. 11:300

2030 он гэхэд бизнес загвараа “Тойрог эдийн засаг”-тай уялдуулаагүй тохиолдолд өрсөлдөх чадваргүй болох эрсдэлтэй. Учир нь хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв дэлхий дахинаа байгальд ээлтэй болж өөрчлөгдөж байна.

Судалгаагаар өнөөдрийн 3 хэрэглэгч тутмын нэг нь байгальд орчинд ээлтэй худалдан авалт хийхээ илэрхийлжээ. Тэгвэл ирээдүйн худалдан авагчдын эрэлтэд нийцэхэд танай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бэлэн үү?

Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй Монгол Улсад тойрог эдийн засгийн зарчим, эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоог нэвтрүүлэхээр хэрэгжиж буй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийн хүрээнд байгальд ээлтэй үйлдвэрлэлийн “Туршлага судлах аялал" Дархан-Уул болон Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдлаа.

Энэхүү аялал нь хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарт бизнестээ тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлж, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэдлэг, туршлага олгох, цаашид бүтээгдэхүүндээ эко-тэмдэгжүүлэлт авахад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан юм.

8 сарын 24-26 хооронд үргэлжилсэн тус хөтөлбөрт Улаанбаатар хот, Ховд, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хүнс, ус ундааны салбарын үйлдвэрлэгчид, ХХААЯ, судалгааны төв, их сургуулиудын төлөөллүүд оролцлоо.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан уг туршлага судлах аялал нь ногоон бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөр болон, байгальд ээлтэй Үйлдвэрүүдтэй танилцах аялал гэсэн үндсэн хэсгээс бүрдсэнээрээ онцлог байв.

“ТА БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХИЙГ ХҮСВЭЛ МАНАЙХЫГ СОНГООРОЙ”

Туршлага судлах аялалд оролцогчид Улаанбаатар хотоос Дархан хотод хүрэлцэн ирснээр эхэллээ. Энд хоёр өдрийн турш хүнсний үйлдвэрлэгчид бизнесийн одоогийн загвартаа үнэлгээ дүгнэлт өгөх, хэрхэн шинэчлэл хийж байгальд ээлтэй тойрог загварт шилжүүлэх талаар шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэгдсэн юм.

Тэгвэл тойрог эдийн засаг гэж юу вэ? Яагаад бизнесүүд, үйлдвэрлэгчид энэ загварт одооноос шилжих зайлшгүй шаардлагатай вэ? Энэ нь хэнд ямар ашиг тустай вэ?

Сургалтын эхний өдөр сургагч багш Б.Эркигүл тайлбарлахдаа “Аливаа бизнес борлуулалтаа өсгөхийн тулд хэрэглэгчээ дагадаг. Тэгвэл тэдний хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байна. Судалгаанаас үзвэл хэрэглэгчдийн 30% нь байгаль орчныг сайжруулах, 23% нь үйлдвэрлэлийн хог хаягдлыг бууруулах, 22% нь экологийн ул мөрийг бууруулах бүтээгдэхүүнийг сонгоно гэж хариулсан байна. Тиймээс ирээдүйн хэрэглэгчдийнхээ эрэлтэд бэлтгэх хамгийн тохиромжтой цаг бол өнөөдөр.” хэмээн сургалтын үеэр онцоллоо.

Энэхүү аяллын нэг давуу тал нь оролцогчид өөр хоорондоо байгальд ээлтэй арга туршлагуудаасаа хуваалцаж, бие биеэсээ харилцан суралцсан явдал юм.

Эрдэнэт хотоос оролцогч, ногооны аж ахуй эрхлэгч Б.Болорцэцэг хэлэхдээ: “Манай Эрдэнэт хотын өглөөний захад ногоочид маань даавуун ууттай ирсэн хэрэглэгчдээ урамшуулж, 5-10% хямдрал үзүүлдэг. Шууд хүлэмжээсээ ногоогоо нийлүүлэхдээ аль болох гялгар уут ашиглахгүйг хичээдэг.” гэлээ.

Харин Улаанбаатар хотын оролцогч, жижиглэн худалдаа болон кофе шопын үйлчилгээ эрхлэгч Б.Болортунгалаг “Манайх сав баглаа боодлоо өөрчилж байгаа. Ингэхдээ эрдэнэшишийн цардуулаар хийсэн гялгар уутыг сонгосон. Учир нь энэ төрлийн уут шинж чанарын хувьд хуванцар буюу гялгар уутнаас ямар ч ялгаагүй бөгөөд хамгийн гол нь 500-1000 жилийн дараа биш 365 хоногийн дараа байгальд задардаг.” хэмээн үйлчилгээний байгууллагадаа нэвтрүүлж байгаа туршлагаа хуваалцлаа.

Туршлага судлах аяллын хоёр дахь өдрийн сургалтаар зөвлөх багш Бат-Орших одоогийн бизнес загвартаа шинжилгээ хийх, хэрхэн дахин загварчилж, тойрог загварт шилжүүлэх аргазүйн сургалт орлоо. Дадлага ажлын дараа Орхон аймгаас оролцогч хэлэхдээ “Бизнес шинэчлэл хийхдээ бүх зүйлээ өөрчилдөг гэж бодож байлаа. Харин одоо алсын хараа өөрчлөгддөггүй, бизнес загвар бол хэрэгцээ шаардлагаараа шинэчлэгдээд явах боломжтой гэдгийг ойлгож авлаа.” гэлээ.

Мөн хоёр өдрийн сургалтын үеэр оролцогчид Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо, түүний 8 төрөл болон ногоон санхүүжилтийг авах боломжуудын талаар мэдээлэл авлаа. Тус төслийн хүрээнд энэ оны 6 сард Герман улсад зохион байгуулагдсан Европын туршлага судлах аяллын багийн оролцогчид мөн Европын эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцооны талаар сурсан зүйлс болон үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй туршлагаа сургалтын үеэр хуваалцлаа.

ТЭГ ХОГ ХАЯГДАЛТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Ингээд аяллын баг онол, аргазүйн мэдлэг хуримтлуулж гэрчилгээгээ гардан авсны дараа байгальд ээлтэй үйлдвэрлэлийн сайн туршлагатай газар дээрээс нь танилцахаар Сэлэнгэ аймгийг зорилоо.

Эхний очсон газар Шаамар суманд байрладаг Сэлэнгэ Таван Хайрхан Дундын Хоршоо байлаа. Энэхүү хоршоонд цэвэр органик орц найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг зэрэг хэд хэдэн төлөөллүүд оролцогчдод туршлагаа хуваалцлаа. 20 гаруй жил зөгийн аж ахуй эрхэлж буй Батжаргал 100% органик бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн үйлдвэрлэж байгаа бол хүлэмжийн аж ахуйтай эрхлэгчид Голланд сортын 2 төрлийн улаан лооль, хаш ногоо, өргөст хэмх зэрэг олон төрлийн ногоог зөвхөн органик аргаар тарьж ургуулж байсан ба ургамлын бордоондоо халгай ургамал, шувууны сангасыг ашигладгаараа онцлог байв.

Хамгийн гол нь аяллын оролцогчид фермерүүд хэрхэн хоршооны бүтцэд шилжин эрүүл, органик бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа тогтолцоо, ногооны аж ахуйн хог хаягдалгүй байгальд ээлтэй тариалалтын сайн туршлагатай танилцлаа.

Хөтөлбөрийн гурав дахь өдөр туршлага судлах аяллын багийнхан Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Vio Millenna усны үйлдвэр болон АПУ ДЭЙРИ ХХК-ийн Сүүний үйлдвэрүүдээр зочиллоо.

Vio Millenia усны үйлдвэр нь тоног төхөөрөмжөө сонгохдоо мотор нь эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлага тавьдаг, усны хуванцар саваа дахин боловсруулдаг, шилэн савлагаандаа байгальд хурдан задардаг шил ашигладаг зэрэг байгаль ээлтэй зарчмуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээрээ онцлогтой байв.

Харин АПУ ДЭЙРИ ХХК-ийн Сүүний үйлдвэр нь малчны хотноос ирсэн сүүг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар ч хаягдал гаргадаггүйгээрээ тойрог эдийн засгийн зарчмыг үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлсэн сайн жишиг болж чаджээ. Тус үйлдвэрийн Хонин Нуга брэндийн бяслаг нь үйлдвэрлэлийн 9 процесс дамжин хэрэглэгчдэдээ хүрдэг бөгөөд энэ явцад гарсан шар сүүг исгэж "нано" шүүлтийн процессод оруулан Шүүдэр нэрийн шимийн архийг үйлдвэрлэдэг байна. Харин энэ процессоос гарсан шаарыг малын тэжээлд ашигласнаар тэг хаягдалтай үйлдвэр болсон байна.

Ийнхүү туршлага судлах аяллын багийнхан тойрог эдийн засгийн зарчим, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн баялаг мэдлэг, туршлага хуримтлуулснаас гадна нэтворкинг үүсгэж, харилцан туршлага судалж, өөр өөрсдийн бизнесийг ногоон загварт шилжүүлэх эхлэлээ тавилаа.

Цаашид Эдийн Засгийн Ногоон Шилжилт төслийн хүрээнд энэхүү цогц сургалт болон сайн туршлагын газар дээрээс нь судлах аяллын хосолсон хөтөлбөр нь шат дараатай зохион байгуулагдана. Төслийн хамгийн анхны Туршлага Судлах Аялал ХБНГУ-д улсад зохион байгуулагдсан бол хоёр дахь удаагийн аялал ийнхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад боллоо.

Дараагийн туршлага судлах аялал ирэх 10-р сард Эрдэнэт хотод болох бол 11-р сард Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хэрвээ та хүнс, ус, ундааны салбарын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч бөгөөд байгальд ээлтэй сайн туршлага судлах эдгээр сургалт-аялалд оролцохыг хүсвэл оролцогчдын сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Бүртгүүлэх линк: forms.office.com/e/GGd0c1vM3Y

Эх сурвалж: Эдийн Засгийн Ногоон Шилжилт төсөл

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47