Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
9 сарын 6. 14:390

Өнгөрсөн наймдугаар сард Хятадын хувийн багш нарын амьдрал эрс өөрчлөгдөж, боловсролын салбарыг орхисныхоо дараа Хө Ажун гэгч ажилгүйдлийн инфлүнсэр болж амьдралаа шинээр эхлүүлжээ.

Гуанжугаас гаралтай, өдгөө 32 настай тэрээр 8400 дагагчдаа карьерын зөвлөгөө өгч, урт хугацаанд ажил хийхгүй амьдрах ямар байдгийг үзүүлдэг болжээ. Түүний цахим хуудасны тайлбар хэсэгт “31 настай ч ажилгүй. Одоогоор ямар ч амжилтгүй” гэж байдаг аж.

Тэрээр одоогийн байдлаар сард 5000 юанийг өөрийн влогууд дээрх зар сурталчилгаа, хувийн зөвлөгөө, гар урлал зарж олдог гэнэ.

Тэрээр “Миний бодлоор ирээдүйд фрийланс буюу чөлөөт ажил хэвийн зүйл болно. Хэчнээн ямар нэг байгууллагад ажилладаг байлаа ч чөлөөт ажил хийх чадвар шаардлагатай байдаг болно. Чөлөөт ажил хийнэ гэдэг нь жолоо барих шиг үндсэн чадвар болно” гэж ярьжээ.

БНХАУ өдгөө засгийн газрын бодлогоор хиймэл оюун ухаан, робот гэх мэтээр шинжлэх ухаан, технологийн салбарыг нарийвчлан шинэ ажиллах хүчин олноор бэлтгэхээр төлөвлөж байгаа билээ.

Гэвч шүүмжлэгч нар энэ бодлого нь бусад салбарт тавигдах шаардлагыг бууруулж, улмаар технологийн эрс хөгжлөөс хоцорч, цэцэглэж буй тус салбараар суралцаж, мэргэшиж амжаагүй бусад салбарын нарийн мэргэжилтэн, өндөр боловсролтой боловсон хүчин хаягдахад хүрнэ гэлцэж байгаа юм.

Энэ зуурт Хятадад олон том компани цомхотгол хийснээр санхүү гэх мэт цагаан захтны салбарууд хямралд өртөж байгаагаас болоод энэ оны туршид түүхэнд байгаагүй их буюу 11.79 сая шинэ төгсөгч ажлын хомсдолтой нүүр тулж байна.

Статистик мэдээллээс харахад том хотуудад 16-24 насны ойролцоогоор 100 сая хятад залуус ажилгүй байгаа нь хот суурин газрын ажилгүйдлийг 17.1 хувьд хүргэж байна гэсэн тооцоо долоодугаар сард гарчээ. Тэгэхдээ тус тооцоонд хөдөө орон нутгийн ажилгүйдлийг оруулаагүйг албаныхан анхааруулсан байна.

Ташрамд сануулахад 2023 оны зургаадугаар сард залуусын ажилгүйдэл түүхэн дээд хэмжээнд буюу 21.3 хувьд хүрснээс хойш энэ төрлийн мэдээллийг албан ёсоор зарлахаа больсон билээ.

Одоогийн байдлаар тус том эдийн засагт 200 сая гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд эрчийг аван хурдтай хөгжиж байгаа салбарууд хүртэл хэт багтаамжийн асуудалтай тулгарч байгаа гэнэ. Тиймээс ч арав гаруй хотод энэ жил маш их цомхотгол хийнэ гэдгээ анхааруулаад байгаа юм

Цомхотгол тэр байтугай ард түмний “Төмөр аяга” хэмээн нэрлэж насан туршийн ажилд тооцдог байсан засгийн газрын ажлын байруудад ч тархаад эхэлжээ.

Өнгөрсөн жил гэхэд л Бээжин нийт ажилчдынхаа тоог 5 хувиар бууруулснаа зарлаж, түүнээс хойш ч олон мянган ажилтнаа цомхотгосон тухай албан ёсны мэдэгдэл, мэдээ мэдээлэл олон бий. Түүнээс гадна Хэнань муж энэ оны эхээр 5,600 ажлын байр, Шаньдун муж 2022 оноос хойш бараг 10,000 орон тоо цомхотгожээ.

Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын дунджаар 3.9 сая мэргэжлийн коллеж төгсөгчид ихэвчлэн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд бэлтгэгдсэн ур чадвартай байдаг тул 2022 онд зарласан эрс шинэчлэл нь эртнээс нэр хүнд сайтай байсан их сургуулиудад оруулсан хөрөнгө оруулалтын ашгаа хүртэх хүртэл олон жилийн хугацаа алдагдах гэнэ.

Хятадад одоогоор гагнуурчин, модчин, өндөр настан асрагч, "өндөр ур чадвартай дижитал авьяастан" дутагдаж байна гэж тус улсын Хүний нөөцийн сайд гуравдугаар сард мэдэгдсэн юм.

Колумбийн их сургуулийн социологич Яо Лугийн тооцоолсноор 23-35 насны коллеж төгсөгчдийн 25 орчим хувь нь одоогийн байдлаар эзэмшсэн ур чадвартаа хүрэхээргүй доогуур ажил хийж байгаа гэнэ.

Мөн тун эмзэг сэдэв хөндөж байгаа тул нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эдийн засаггчийн мэдээлснээр Хятадын их дээд сургуулийн 48 сая орчим оюутнуудын ихэнх нь маш бага цалинтай ажлаар ажлынхаа гарааг эхэлж, цаашид ч маш бага татвар төлж, нийгэмд төдийлөн нэмэр болж чаддаггүй гэжээ. Тэрээр "Тэднийг зүгээр л "алдагдсан үе" гэж нэрлэхэд муухай ч гэсэн, үнэхээр л хүн капиталын асар их гарз мөн юм " гэж ярьсан байна.

'ГУРВАН ХҮНИЙ АЖЛЫГ ГАНЦААРАА ХИЙЖ БАЙНА'

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар сард шинэ төгсөгчдөд ажлын байр бий болгохыг нэн тэргүүний зорилт болгохыг албаныханд уриалсан. Гэхдээ ажилгүй байгаа эсвэл саяхан халагдсан залуу ажилчдын хувьд сэтгэлийн байдал муу байна гэж Ройтерс агентлагт ярилцлага өгсөн есөн хүн дуу нэгтэй хэлсэн байна.

Өдгөө 23 настай Анна Ван өндөр дарамт, цалингүй илүү цагаар байнга ажиллуулдгаас нь болж энэ жил Шэньжэнь дахь төрийн банкны ажлаасаа гарсан гэнэ. “Сарын 6000 орчим юанийн цалингийн төлөө би гурван хүний ​​ажлыг хийж байсан" гэж тэр хэлжээ.

Түүний хуучин хамт олон ч гэсэн цалин маш ихээр хасагдах, дэндүү их ачаалалтай албан тушаалд шилжүүлэх зэргээс шалтгаалан олноороо ажлаа орхисон гэнэ. Одоо Ван анкетны редактор, дэлгүүрүүдийн үйлчилгээг хянадаг нууц үйлчлүүлэгчийн цагийн ажил хийж амьдардаг аж.

Мөн 30 настай Оливиа Лин долоодугаар сард бас л цомхотголд өртөж ажлаасаа гарсан байна. Түүний амьдардаг хотод дүүргийн хэмжээний дөрвөн ч товчоо татан буугдсан гэнэ.

Ажилгүй болсноосоо хойш Лин технологийн салбарт ажил хайсаар байгаа аж. Гэвч бүтэн сарын хугацаанд түүнд нэг ч ярилцлагын санал ирээгүй байна. "2021 онд ажил хайж байхад өдөрт заавал нэг ажлын ярилцлагад ордог байсантай харьцуулахад одоо тийм биш болжээ" гэж тэр хэлсэн байна.

ИЧИХ ХЭРЭГГҮЙ БОЛЖ

Хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж, ажил хайгаад ч олдохгүй байгаа хятад залуучууд урт хугацааны ажилгүйдлийг хэрхэн даван туулах гэх мэт зөвлөгөөг бусадтайгаа нээлттэй хуваалцаж, цахим орчинд нийтэлдэг болсон байна. Тийм ч учраас "Ажилгүйчүүд", "Ажилгүйдлийн өдрийн тэмдэглэл", "Ажлаас халагдсан" гэсэн хаштагууд хятад залуусын Шиаохоншү платформ дээр нийлээд 2.1 тэрбум хандалт авсан байна.

Ийнхүү ажилгүй залуучууд олширсноор нийгмийн ажилгүйчүүдэд чиглэсэн хэвшмэл хандлага, гутаан доромжлолыг багасгах нөлөө үзүүлж байна. Зарим ажиглагч нарын үзэж байгаагаар, энэ явдал цаашдаа ажилгүй залуучуудыг нэгтгэж, өнөөгийн эдийн засагт ажилгүйдэл гэх ойлголтыг үндсээр нь өөрчилж мэдэх юм.

Судлаачдын дүгнэснээр, сургууль төгсмөгцөө ажилгүйдэлтэй тулгарсан оюутнууд байдал хүнд байгаагийн бурууг төрд чихих нь үр дүнгүй, заримдаа бүүр аюултай гэдгийг ойлгож, түүний оронд нэг мөсөн ажлаас хөндийрөх нь олширсон гэнэ.

Нийтлэлийн эхэнд дурдсан нөлөөлөгч Хөгийн хэлснээр “Шинэ төгсөгч нар амбицаа бууруулсан нь дээр. Яах аргагүй ажилгүйдэлтэй тулсан бол өөрийгөө улам хөгжүүлж, эсвэл олон нийтийн сүлжээнд наймаа хийх, гар урлал оролдох гэх мэтээр бүтээлч байдлаа алдалгүй өдөр тутмын орлого олох боломжтой” гэнэ

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18