Ажил, амьдралын тэнцвэр чухал тухай алдарт захирлуудын хэлсэн үгс
7 сарын 31. 16:390

Мэдээлэл технологи тасралтгүй хөгжиж, бүх зүйл цахимжиж, нарийн мэргэжлийн олон салбар шинээр үүсэн, хүний нөөцөөр цангаж буй орчин цагт ажил, амьдралаа тэнцүүлэх улам хэцүү болсоор байна. Хэдий тийм ч салбар салбарын амжилттай, алдартай гүйцэтгэх захирлуудын хэлсэн үг, өгсөн зөвлөгөөг цуглуулан нийтэлснээр өрсөлдөөнтэй ажил, тайван амьдралын нарийн тэнцвэрийг олох олон хүний эрэлд бага ч гэсэн нэмэр болох байх гэдэгт итгэлтэй байна.

Уян хатан нөхцөлтэй, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахыг эрмэлздэг тав тухтай ажлын байр хүн бүрд олдоод байдаггүй. Учир тийм ч гэлээ туршлагатай удирдагчдын зөвлөгөө уг тэнцвэрийг аль болох ойртуулан барихад тустай байх нь дамжиггүй ээ. Хүн бүрийн адил амжилт өөд тэмүүлж явахдаа ажил, амьдрал хоёроо яаж тэнцүүлэх учрыг олж, улам өндөрт гарсан удирдагчдын туршлагаас суралцахад буруу зүйл байхгүй шүү дээ.

Женерал Моторсын гүйцэтгэх захирал Мэри Барра

Тэрээр Уоллстрит Журнал сэтгүүлд ярихдаа ажлыг оройн зоог дээр биш үдийн хоолон дээр төлөвлөж, ярьж байхаас эхлээд гэр бүлийн амар амгаланг чухалчлах олон жижиг алхам ажил, амьдралын тэнцвэр хадгалахад онцгой нөлөөтэй гэжээ.

“Жишээ татъя. Анхнаасаа бүгдийг тодорхой “За хурал 4:30-аас эхэлж, 5:30-д дуусна. Яагаад гэвэл дараа нь би хүүхдийнхээ спорт арга хэмжээг зохион байгуулах ажилтай” гээд хэлчихсэн байхад бүгд “за, тэгвэл товчхон ярьцгаая”, “Түргэхэн хуралдчихъя” гээд дэмждэг.”

Амазоны гүйцэтгэх захирал асан Жефф Безос

Жефф Безос ажлын болон хувийн хэргийг заримдаа огтлолцдог хоёр тусдаа тойрог биш, нэг бүхэл том тойрог хэмээн харах хэрэгтэй гэж зөвлөжээ.

“Ажил, амьдралаа зохицуулах тухай би үргэлж залуу ажил олгогчдод, тэр байтугай Амазоны ахмад төлөөлөгчдөд хүртэл зааж сургаж явдаг юм. Ялангуяа шинэ хүмүүстээ онцгойлон заадаг. Надаас ажил, амьдралын тэнцвэрийн тухай хүмүүс их асуух юм. Миний бодлоор энэ нэршил нь өөрөө тохиромжгүй. Яг амьдрал, ажил хоёрыг маш том зөрчилтэй хоёр тал мэт санагдуулаад байдаг юм.”

Херши(Hershey) гүйцэтгэх захирал Мишель Бак

Мишель Бакийн хамгийн магтууштай амжилтуудын нэг бол 2018 онд Чуулганы Удирдах зөвлөлийн Эдийн засгийн хөгжлийн хорооны аж ахуй нэгжийн шагнал хүртсэн явдал. Шагнал гардаж авахдаа тэрээр зөвхөн хамт олондоо талархаад зогсохгүй, амьдралд ойр байлгадаг гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлсэн юм.

“Миний гэр бүл энэ бүгдийг бодит болголоо. Гурван гайхалтай хүүхдийн ээж байснаараа миний байгууллагаа халамжлах, ойлгох, удирдах ухаан тэлсэн юм.”

Кока Колагийн гүйцэтгэх захирал асан Брайан Дайсон

Брайан Дайсон 1991 онд Жиоржиагийн технологийн институтийн төгсөлт дээр үг хэлэхдээ ажил, амьдралыг тэнцүүлэх гэж оролдох нь шилэн болон резинэн бөмбөг хольж жонглёрдохтой ижил хэмээн зүйрлэсэн юм. Тэгэхдээ “Амьдралыг таван бөмбөгөөр жонглёрддог тоглоом гэж төсөөлье. Тэр таван бөмбөгөө тэгээд ажил, гэр бүл, эрүүл мэнд, найзууд, цог золбоо гээд нэрлэчихье. Бүгдийг нь агаарт байлгах ёстой” гэжээ.

Ийн яриад удалгүй тэрээр тоглоомын дүрмийг бяцхан өөрчилсөн юм. “Ажил нь резинэн бөмбөг юм. Унагалаа гэхэд өөрөө ойгоод эргээд ирнэ. Гэхдээ гэр бүл, эрүүл мэнд, найзууд, цог золбоо дөрвөн бөмбөг нь харин шилэн. Унагаачихвал засвар авахааргүй зурагдаж, сэвтэж, цуурч, тэр байтугай хагарч ч магадгүй. Эргэж эвлэхгүй шүү. Энийг л бодож ажил, амьдралаа тэнцүүлэх хэрэгтэй.”

Биг Фор(Big Four)-ын гүйцэтгэх захирал асан Кэти Энгэлбэрт

Санхүүгийн үйлчилгээний Биг Фор фирмийн анхны эмэгтэй гүйцэтгэх захирлын хувьд Кэти Энгэлбэрт энэ сэдвийн асуултад мөн ч олон хариулсан хүн. Тайм сэтгүүлийн онцолсноор тэр аливааг төлөвлөх тал дээр “хар бүстэй” гэнэ. Харин Энгэлбэрт өөрийгөө хувьдаа ч, үйлчлүүлэгч нартаа ч бүхнийг зохицуулж, тааруулж ажиллахад “амиа бодох” нь тун нэмэртэй байдаг гэжээ.

Таймын нийтлэлд тууштай Энгэлбэрт жирэмсэн байхдаа гэрээс нь хол үйлчлүүлэгчдийг өөр хүмүүст даатгаж, өөрөө дандаа гэрийнхээ ойролцоох үйлчлүүлэгч нартайгаа ажилладаг байсан гэнэ.

Эллэвэст(Ellevest)-ийн гүйцэтгэх захирал Сэлли Кравчек

Байгууллагын цахим хуудас дээрээ 2019 онд Кравчек ажил, амьдралын тэнцвэрийн тухай асуултаас залхаж байгаагаа зарлан тунхаглажээ.

Тэрээр 2016 онд эмэгтэйчүүдэд хандсан хөрөнгө оруулалтын платформ нээсэн тэрээр яагаад тэнцвэрийн хойноос хөөцөлдөхөө больсон талаараа мөн ярьжээ. Цаашлаад “Үнэндээ энэ бол олон эмэгтэйчүүд гэр бүлээ хоосон хонуулахгүйн тулд гурван ээлжээр ажиллаж байхдаа ч өөрсдөөсөө асуудаггүй асуулт. Би ч үүнээс залхаж байна. Угаасаа тэр тэнцвэрийг зургаан минутаас удаан барих аргагүй” гэжээ.

Яхүү(Yahoo)гийн гүйцэтгэх захирал асан Марисса Майер

Компани нь Веризонтой нийлэхээс өмнө гүйцэтгэх захирал хийж байсан Марисса Майер мэргэжлийн хариуцлагыг хэрхэн хувийн хэрэгцээтэйгээ зохицуулж явснаа тайлбарлажээ.

“Ажлаас халшрахгүй, ядрахгүй байхын тулд өдрийн гурван хоол, найман цаг унтах энэ тэр гол нь биш. Ер нь гэртээ цагийг өнгөрөөхдөө ч биш. Миний хувийн онолоор бол ядарна, халширна гэдэг чинь ерөөсөө шаралхах. Гол нь юунд ялагдаад, түүндээ шаралхаад байна вэ гэдгээ мэдчихвэл ялагдахаа больчихно. Би үргэлж хүмүүст хэлдэг юм. Өөрийнхөө хэмнэлийг ол гэж. Хүнд өөр өөрийнх нь хэмнэл л хамгаас чухал. Хэмнэлээ алдчихвал ажилдаа ялагдаад, шаралхаад эхэлнэ.”

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск

Нэг хурал дээрээ Илон Маск амьдрал, ажлын тэнцвэр гэдэг юм өрсөлдөөн ихтэй салбарт бараг л байдаггүй гэж боддог талаараа ярьжээ.

“Ажил, амьдралын тэнцвэр амладаг байгууллагууд олон бий л дээ. Гэхдээ тэд бол харьцангуй том, хэдийн хөгжчихсөн, эсвэл салбар нь өрсөлдөөнтэй байхаа больчихсон байгууллагууд байдаг. Жишээлбэл, хямд цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг бол аль ч талаасаа маш их хөдөлмөр, зогсолтгүй бүтээлч чанар шаардана. Гэхдээ амжилтынх нь үр дүн бол ирээдүй сайхан болох баталгаа юм. Иймд чадах бүхнээ хийх нь зүйтэй.”

Маякрософтын гүйцэтгэх захирал Сатя Наделла

Сатя Наделла бол ажил, амьдралын тэнцвэр дээр тоо биш чанар гэдэг уриатай хүн. Салбарын нэгэн хурал дээр тэр хүүхдүүдтэйгээ хэр олон цаг өнгөрөөж байгаадаа биш, хэр дотно харилцаатай байгаадаа л анхаардаг гэж ярьжээ.

“Би аль болох хүүхдүүддээ зайлшгүй хэрэгцээтэй үед дэргэд нь байж байхыг боддог. Ажил, амьдралын тэнцвэр хадгалах амар юм биш.”

Пепсигийн гүйцэтгэх захирал асан Индра Нүүеи

Тэрээр 2014 оны Аспен Аядиас фестивал дээр эмэгтэй хүнд тулгардаг ажил, амьдралын тэнцвэртэй холбоотой асуудлуудын тухай ярилцжээ.

“Биологийн цаг, ажлын цаг хоёр дандаа зөрчилдөж байдаг. Үргэлж зөрчилддөг. Хүүхэд гаргамаар байдаг, карьераа босгомоор байдаг. Дөндөж нэг юм дунд шатны удирдлага болоод байтал хүүхдүүд өсвөр насанд хүрээд ээж нь хэрэгтэй болно.”

Эвернөт(Evernote)-ийн гүйцэтгэх захирал асан Крис Онил

Нью-Йорк Таймс сонинд ярихдаа тэрээр өглөө бүр гүйж, ажлаа амжуулж, зүлгээ тэгшилдэг, тэгээд бүүр бямба гаргийг хүүхдүүддээ бүрэн зориулдаг гэжээ.

“Үнэндээ ажил, гэр бүлийг тэнцвэртэй байлгах амаргүй. Би маш их аялдаг. Бүүр гэртээ ч цагтаа очихгүй, оройн хоолноосоо хоцрох нь их. Бямба гараг л надад хамгийн сайхан өдөр байдаг”

IBM-ийн гүйцэтгэх захирал асан Жинни Рометти

Тэрээр тэнцвэр барихын тулд эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнийг чухалчилдаг гэнэ. “Би дасгал хийх цаг өөртөө гаргадаг. Зугаацах гэсэндээ биш шүү”

“Миний бодлоор дасгал хийснээр удирдан зохион байгуулах, анхаарал төвлөрүүлэх чадвар сайжирдаг шиг байгаа юм. Үнэхээр шүү”

Интүйт(Intuit)-ийн гүйцэтгэх захирал асан Брэд Смит

Тайм сэтгүүлд гүйцэтгэх захирал аавууд яаж хүүхэд, ажлаа зохицуулдаг талаар ярилцжээ. Түүний хэлснээр амьдралд резинэн, бас болор үес бий гэнэ. Сургуулийн нэг удаагийн жүжиг, хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт үесийг алдлаа гэхэд дахиад л тохионо. Харин төгсөлт гэх мэт чухал үеийг алгасчихвал дахиад хэзээ ч тохиолдохгүй гэжээ.

“Болор үесийг л бүү алдаарай”

Нестлэ(Nestle)гийн гүйцэтгэх захирал Марк Шнайдер

Хувийн болон ажлын шаардлагыг эвтэйхэн зохицуулах талаар Марк Шнайдер Уолл Стрит Журнал сэтгүүлд “Ажил нэгдүгээрт” хэмээн хариулжээ.

“Гүйцэтгэх захирал чинь ажил, амьдралын тэнцвэртэй байдал гэх мэт юм яриад эхэлбэл хувьцаагаа зарах цаг болжээ гэж ойлго.”

Старбаксын гүйцэтгэх захирал асан Ховард Шольц

“Дээшээ”(Onward) номдоо тэрээр “Ажилдаа хайртай хүн бусад юмаа золиосолдог. Гэхдээ тэнцвэрийн хариуд гайхалтай үр дүнд хүрдэг” гэж цохон тэмдэглэжээ.

“Бизнес эрхлэгч нар золиос гаргана, заримдаа маш ихээр шанална гэдгээ мэдэж, хийж байгаа юмандаа үнэхээр хайртай байх хэрэгтэй. Өөр юм хийж байна гэж төсөөлж чадахаа байчихдаг юм.”

ЛинкедИний гүйцэтгэх захирал асан Жефф Вейнр

Гүйцэтгэх захирлаасаа дэвшиж өдгөө захирал болсон Жефф Вейнр харин ажил, амьдралын тэнцвэрт идэвхтэй тэмүүлдэг хүн. Тэрээр 2018 онд Вартон сургуулийн төгсөлт дээр үг хэлэхдээ ажилдаа ч, гэр лүүгээ ч зэрэг тэмүүлж байж тэнцвэрийг олно гэжээ.

“Миний хийж чадах нэг юм бол аль аль талд нь энэрэнгүй сэтгэлээр хандаж, юуг ч хэнийг ч байдаг л нэг энгийн гэж харахгүй байх явдал юм.”

Метагийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг

Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг дээр Марк Зукерберг ажил, амьдралын тэнцвэр өөрөө хувь хүн зөвхөн оффис дээр байсан цагаа л ажилласанд тооцож байна уу, эсвэл ажлынхаа тухай бодсон цагийг бас оролцуулж байна уу гэдгээс хамаарна гэж хэлжээ.

“Хэрэв оффис дээр байх цагаа тоолох юм бол долоо хоногт ойролцоогоор 50-60 цаг болох нь. Харин ажлынхаа тухай бодох цагийг нэмж тооцвол амьдрал тэр чигтээ тоологдоно шүү дээ.”

Эх сурвалж: US news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18