
Европын холбооны зүгээс Украины бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх шийдвэр гарган өдгөө хэрэгжүүлээд явж байгаа билээ. Тэгвэл тус холбооны зүгээс уг шийдвэрээ ирэх оны зургадугаар сар хүртэл сунгахаар болжээ.
Европын холбооны Гадаад хэргийн зөвлөлийн зүгээс Бельгийн Брюссель хотноо орон нутгийн цагаар 25-ны өдөр зохион байгуулсан худалдааны сайд нарын хурал дээр ирэх сарын 5-ны өдөр дуусгавар болох "татвараас түр чөлөөлөх" шийдвэрийг дахин нэг жилээр сунгахаар болсноо мэдэгдэв.
"Энэхүү шийдвэр нь Украин болон Европын холбооны худалдааны харилцааг тогтвортой байлгахаас гадна тус улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед бага ч болов нэмэр болно” хэмээн Европын холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Уг шийдвэрийн хүрээнд Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн том боломж гарч буй юм.
2016 оноос хойш хэрэгжиж байгаа Европын холбоо-Украины чөлөөт худалдааны гэрээний дагуу Украины ихэнх бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлтөд хамрагддаг хэдий ч газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд чөлөөт худалдааны гэрээ хийснээс хойш ч импортын квот, татварын хөнгөлөлтөд тэр бүр хамрагдаж чадахгүй байсаар ирсэн билээ..
Гэвч дайн эхэлснээс хойш нэг их удалгүй буюу өнгөрөгч оны зургадугаар сард Европын холбооны зүгээс Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ.
Эх сурвалж: Yonhap