Японы эмэгтэй гимнастикийн багийн ахлагч Мияата Шоко багийнхаа чухал дүрмийг зөрчин тамхи татаж, архи уусан тул Парис 2024 олимпод оролцохооргүй болсон тухай Японы гимнастикийн холбоо мэдээлжээ.
Тухайлбал, Японы гимнастикийн холбоо тамирчдаа багийн үйл ажиллагаатай үед тамхи татах, архи уухыг хориглодог билээ. Түүнээс гадна Японд архи, тамхи хэрэглэх доод насыг 20 гэж заасан байдаг. Гэвч Мияата энэ жил 19 настай.
Холбооны гүйцэтгэх захирал Нишимүра Кэнжи “Хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр энэ шийдвэр гарсан. Мияата Токиод байрлах тодорхой хувийн өмчид байхдаа тамхи татсан, мөн үндэсний сургуулилалтын төвийн хотхонд байхдаа архи уусан. Тэрээр маш их өрсөлдөөнөөс үүдэлтэй олон дарамт мэдэрснээс болоод ийм алдаа гаргасан” гэжээ.
Хэвлэл мэдээллийнхэн Мияатагаас албан ёсны тайлбар авахыг хүссэн ч тэрээр цахим хаягуудаа бүгдийг нь устгаж, олон нийтээс нуугдах болжээ.
Эх сурвалж: CNN