
Германы гадаад тагнуулын газар хүний нөөцийн дутагдалд орсон тул ОХУ, БНХАУ, БНАСАУ, Ираны болзошгүй заналхийллийг илрүүлж чадахгүйд хүрч байгаа талаар нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл, Холбооны тагнуулын газрын нийт 7200 орон тооноос 700 нь эзгүй байгаа гэнэ. Тагнуулын газрын дарга Бруно Кал шинэ тагнуулууд ажлын байран дээр шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан нь дээрх мэдээлэл үнэн болохыг баталж байгаа юм.
Хүний нөөцийн дутагдлаас болж өдгөө байгаа ажилтнууд нь ажлын арга барилаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн байна. Жишээлбэл, ОХУ, БНАСАУ гэх мэт тусгайлан мэргэшсэн тагнуулын офицерууд өөрийн ажил үүргийн тодорхойлолтод байхгүй удирдлагын болон бусад шатны ажил давхар хийж байгаа гэнэ.
Цаашлаад ажлын ачаалал нэмэгдсэн ажилтнууд чөлөө авах нь энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн аж. Тухайлбал, тагнуулын 1000 гаруй ажилтан өнгөрсөн онд дунджаар 30 гаруй хоногийн чөлөө авсан байна. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр тагнуулын ажилтнууд цалингаа бүтэн авч чадаагүй гэсэн үг.
Хүний нөөцийн дутагдлаа нөхөхийн тулд Холбооны тагнуулын газар ажлын байруудаа идэвхтэй сурталчилсан бөгөөд үр дүнд нь 10 мянга гаруй ажил горилогч цуглуулсан аж. Хэдий тийм ч асуудал мөддөө шийдэгдэхгүй бололтой. Учир нь ажил горилогчдын мэдээллийг дунджаар 13 сарын турш шалгадаг бөгөөд эцэст нь тэдний 40 хувь тэнцдэггүй байна.
Эх сурвалж: RT