БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт цагдаагийн байгууллага эд эрхтэн наймаалах зорилгоор хэдэн мянган хүний цогцос хулгай хийдэг компанийг илрүүлсэн талаар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын хуульч Еи Шенхуа Шанши мужийн Тайюань хотын нийтийн аюулгүй байдлын товчооноос тавдугаар сард бэлтгэсэн хүний цогцсыг гэмтээсэн, халдсан, хулгайлсан хэргүүдтэй холбоотой баримтуудыг цахим орчинд ил болгожээ.
Тус мэдээллээс харахад Шаанши Аоруй Биоложикал материал ххк хэмээх компани 2015 оны нэгдүгээр сараас ноднин жилийн долоодугаар сар хүртэл Сичуан муж, Гуанши Жуаны өөртөө засах орон, Шадон муж зэрэг газраас хууль бусаар цогцос авч, түүнээсээ зарж борлуулж болох эд эрхтнийг гарган авдаг байсан нь батлагджээ.
Цагдаа нарын тогтоосноор тус компани дээрх байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулж байх хоорондоо нийт 380 сая юанийн ашигтай ажилласан аж. Түүнчлэн тус компанийн эзэмшлээс нийт 18 тонн хүний яс, хагас бэлтгэсэн бүтээгдэхүүн, 35777 борлуулахад бэлэн болсон бүтээгдэхүүн хурааж авчээ.
Аоруй компанийн гүйцэтгэх захирал Сү 2017-2019 онд гэрээ байгуулах, хувьцаа эзэмших, хүмүүсээ шургуулах зэрэг аргаар нийт дөрвөн буяны газрыг эрхэндээ оруулж, улам олон цогцос хулгайлж эхэлсэн байна. Түүний мэдүүлснээр энэ хугацаанд нийт 4000 цогцос олж авсан аж.
Су тэргүүтэй тус компанийн бусад удирдлагуудын мэдүүлснээр тэд бүтээгдэхүүний эх үүсвэрээ нуун далдлахын тулд талийгаачдын гэр бүлийн гарын үсэг бүхий донорын зөвшөөрөл зэрэг хуурамч бичиг баримт ихээр үйлддэг байсан гэнэ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийт 75 хүн одоогийн байдлаар хэргээ хүлээгээд байгаагийн дунд Суд цогцос зардаг байсан Шандун мужийн Чиндао их сургуулийн эмнэлгийн элэгний төв, Гуанши өөртөө засах орны Гүйлин анагаахын коллежийн анатомийн тэнхимийн ажилтнууд ч байгаа юм байна. Тэдний мэдүүлснээр нэг цогцсыг дунджаар 900-22000 юанийн хооронд үнэлж борлуулдаг байжээ.
Эх сурвалж: Yonhap